Малчин бүсгүйчүүдийн урласан эсгий бүтээгдэхүүн Францад эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-17 00:27:01

Завханы Дөрвөлжин сумын “Эвсэг эмэгтэйчүүд” ТББ өнгөрсөн оны 10-р сараас эхлэн таван сарын хугацаанд Франц улсруу 38 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаад байна.

Дөрвөлжин сумаас 200 орчим километрийн алс оршдог Онц багийн эмэгтэйчүүд алслагдсан багтаа өөрийн гэсэн орлоготой болох зорилгоор анх 13 бүсгүй санаа нийлж бүлэг болон хоршиж хонь, тэмээний ноосыг өөрсдийн гараар боловсруулан цөөн хэдэн бүтээгдэхүүнийг хийдэг байж. Улмаар түүнийгээ Хомын тал нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Тахь төслийнхөнд хүсэлт гаргаснаар 2015 оноос эхлэн эсгийгээр 17 төрлийн бүтээгдэхүүнийг урлаж төслийн дэмжлэгээр гадаадад гаргажээ. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд малчин эмэгтэйчүүдийн гараар урласан зургаан сая орчим төгрөгийн бүтээгдэхүүнийг Франц улсруу гаргаж борлуулжээ. Жил ирэх бүр тус төрийн бус байгууллагын малчин бүсгүйчүүд өөрсдийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж Франц улсаас эрэлт, захиалга ч ихтэй болжээ.

Эднийхэн малынхаа ноосыг уламжлалт гар аргаар самнаж сэмлэж боловсруулдаг бөгөөд хамгийн зөөлөн гэгддэг торомны ноосоор өнгөрсөн жилээс эхлэн нарийн нэхээстэй хүүхэд том хүний майк, алчуур зэргийг нэхэж эхэлжээ. Мөн сэмлэж ээрсэн ноосоороо бээлий, цамц, цүнх, гэрийн углааш гэх зэргийн бүтээгдэхүүнийг зөвхөн гараар урладаг ажээ. Анх жилд 1.6 сая орчим төгрөгний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан бол одоо захиалгын тооноос хамаарч дунджаар 3.5 сая орчим төгрөгний бүтээгдэхүүнийг Тахь төслийн дэмжлэгээр Франц улсад борлуулдаг болжээ.

Дашрамд сүүлийн хоёр жилийнхээ бүтээгдэхүүний ашгаар ноос сэмлэгч, болон будагч машинуудыг худалдан авч үйлдвэрлэлээ өргөжүүлээд буй юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ