“Малчдад туслах хандивын ая” өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-18 00:30:04

Дархан-Уул аймагт өнгөрсөн оны 12 дугаар сарын нэгнээс энэ оны хоёрдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд өрнөсөн “Малчдад туслах 1000 төгрөгийн аян” өндөрлөлөө.

Аймгийн нийт нутгаар зудтай байгаатай холбогдуулж мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах хандив цуглуулах зорилгоор тус аян өндөрлөснийг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хэвлэлийн бага хурал хийж зарлав.

Аяны хугацаанд тус аймгийн төрийн 28 байгууллага, Дархан сумын ЗДТГ болон 13 багийн захиргаа, иргэд, ерөнхий боловсролын 12 сургууль, 19 цэцэрлэг, зургаан их, дээд, мэргэжлийн сургууль, мөн зургаан төрийн бус байгууллага, “Дархан-Ус суваг” ХК, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын  хамт олон нэгдэж хандив өгчээ. Түүнчлэн “Бэрц Инженеринг”, “Олуулаа” ХХК зэрэг хувийн хэвшлийн 15 байгууллага сайн дураар нэгдэж мөнгөн дэмжлэг болон эд материалын хандив өргөсөн байна. Аяны хүрээнд хандивын дансаар нийт 9,7 сая төгрөг, мөн 8 сая 800 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий мал маллагаанд шаардлагатай эд материал цугларчээ.

Эдгээр хандивыг аймгийн нийт малчдад бус харин, малын тоо толгой багатай ч мал маллагаанд хүн хүч дутмаг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр болжээ. Мөн элгэвч, нэмнээ, хурганы уут, хувцас, лаа, шүдэнз, ахуйн хэрэглээний эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн зэрэг цугласан нийт бараа материалуудыг дөрвөн суманд жигд хуваарилж хүлээлгэн өгсөн тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат яриад байгалийн бэрхшээлийг даван туулж байгаа малчдад туслах аянд нэгдсэн нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд талархаж байгаагаа илэрхийллээ.

                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ