Ж.Оюунгэрэл: Бизнес уулзалт төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-18 16:50:08

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг ирэх даваа гарагт зохион байгуулах гэж байна. Энэ тухай Улаанбаатар хотын худалдааны танхимын  Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэлээс тодрууллаа.

    -"Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017" бизнес уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн бизнес уулзалт юугаараа онцлогтой вэ?

       -Манай танхим “Улаанбаатар форум” бизнес чуулга уулзалтыг 3 дахь жилдээ НЗДТГ-тай хамтран зохион байгуулах гэж  байна. Хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах нь бизнес эрхлэгчдийг нэгдсэн мэдээллээр хангаж, тэгш боломж олгох ач холбогдолтой учраас дээрх бизнес уулзалтыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд төр хувийн хэвшлийнхнийг холбох үүднээс "Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017" сэдвээр зохион байгуулж байна. Бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд  чиглэх юм. Мөн аж ахуйн нэгжүүдийг алдаа гаргалгүй ажиллахад нь зөвлөх, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилготой.

    -Бизнес уулзалтад хичнээн төлөөлөгч оролцохоор мэдүүлээд байна вэ. Гадны улс орнуудаас оролцох уу?
    - Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  чуулж буй уг арга хэмжээнд 800 орчим төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна.  Бизнес уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, АНУ, ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцоно.

     -Уулзалтаар  хичнээн илтгэгч илтгэл тавих вэ. Гол сэдвийг ямар хүмүүс хөндөх бол?
    - Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Энэ удаагийн бизнес уулзалтаар үндсэн 8 сэдвийг хөндөж илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Тухайлбал “Нийслэлийн хөгжлийн дунд хугацааны бодлого, Нийслэлд 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд” сэдэвт үндсэн илтгэлийг хотын дарга С.Батболд тавина. “Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох”, “Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал”, “Инноваци шинэ дэвшилтэт  технологид тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалт”, “Худалдан авах ажиллагааны ил тод байдал”, “Авто замын захиалагчийн хяналт” гэсэн сэдвүүдээр дэд илтгэлүүд тавина.

 - Чуулга уулзалтаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшлийнхэнд  ямар санал тавих бол?

    -Нийслэлийн энэ оны хамгийн гол хөрөнгө оруулалт нь бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилд чиглэж байгаа юм билээ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбарт дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажиллагааг зарлаж байгаа талаараа бизнесийнхэнд танилцуулах юм. Тодруулбал нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлахаа мэдэгдээд байна. Мөн үеэр нийслэлийн хэмжээнд бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар бодлого барих вэ гэдэгт төвлөрнө. Уулзалтаар гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийх  хаврын бүтээн байгуулалтын ажлыг  нийслэлээс ил тод  зарлаж  танилцуулах юм.

   -Ингэхэд Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдсанаасаа хойш ямар ажлууд өрнүүлэв?

   -Манай танхим Улаанбаатар хотын бизнесийн орчныг боловсронгуй болгох, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2015 оны гуравдугаар сард байгуулагдсан залуу байгууллага юм. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч НЗДТГ-тай хамтран Улаанбаатар Форум-2015, 2016 бизнес уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай эдийн засгийн хүндрэлээс гарахад бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг хийсэн. Түүнчлэн Итали, Австри, Хятад, Энэтхэг зэрэг олон улсын бизнесийн байгууллагууд, худалдааны төлөөлөгч нартай хамтран ажиллах, хөрөнгө оруулах талаар анхаарч ажиллаж байна. Мөн Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр сар бүр “Гишүүдийн уулзалт”-ыг зохион байгуулж харилцан санал солилцож байна. 2015 оноос гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн бие даасан, хараат бус Арбитрыг танхимын дэргэд байгуулан ажиллуулж буй юм. Цаашид бид төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй Агропарк, Смарт Сити, Эрчим хүчний алдагдлыг зардалгүйгээр ашиг болгох  төслүүдийг дэмжиж манлайлан оролцоно.

   -"Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017" уулзалтыг ямар байгууллагууд ивээн тэтгэж байгаа вэ?

  -Бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болон IKON.mn, GOGO.mn, Монголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулна. Мөн МОНЦАМЭ агентлаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллээр сэтгүүл гаргана.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ