Монгол Улс Стэндбай хөтөлбөрт хоёр удаа хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-18 18:49:55

Манай улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах үүднээс ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хүсэлт тавьсны дагуу тус сангийн шинжээчид манай улсад ажиллаж буй  юм.

Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар удаан хугацааны туршид ОУВС-тай хэлэлцээ хийж буй бөгөөд маргааш хэлэлцээрийн үр дүнгийн талаар  хэвлэлийн бага хурал зарлаад байгаа юм. 

"СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

ОУВС 1952 оноос эхлэн гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “standby arrangement”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийг анх бүх гишүүн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн ч тухайн онд Солонгос, Япон, Сингапур, Арабын орнуудын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц сайжирч, нэг хүнд ногдох ДНБ, төсвийн орлого, аж үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэх орнуудын ангилалд шилжжээ. Иймд ОУВС бодлогоо өөрчилж, дээрх хөтөлбөрийг дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүү­лэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг.  Са­намж бичигт тавьсан шаард­­л­агуудыг хөтөлбөр хэрэг­жих хугацаанд тухайн улс хэрэгжүүлэх ёстой. Тус хөтөлбөр хоёр  төрөлтэй бөгөөд “Standby credit facility” нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл юм. ОУВС нь 2009 оноос эхлэн бага орлоготой орнуудад зориулан “Standby credit facility” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдийн засаг, төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг харьцангуй зөөлрүүлснээрээ давуу талтай. Харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм байна. “Standby arrangement” нь дунд орлоготой улсуудад зориулсан, хугацаа багатай, шаардлага нь хатуу байдагаараа онцлогтой бөгөөд төлбөрийн балансын тэнцлийг хангах, төсвийн алдагдлыг бууруулах буюу зардал танах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээл хумих бодлого бүхий үүргийг хүлээдэг байна. 

МОНГОЛ УЛС “СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРТ 1991, 2009​  ОНД ХАМРАГДЖЭЭ

1991 онд Стэндбай хөтөлбөрийг төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулахад чиглэж, 13.75 сая зээлжих тусгай эрхийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашиглажээ.

Харин 2009 онд хямралыг даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор “Стэнд-бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тухайн үед ОУВС-гаас 18 сарын хугацаанд жилийн таван хувийн хүүтэй 229.2 сая ам.долларын тусламжийн зээл авч байжээ.  2009 онд манай улс төсөвтөө гурван удаа тодотгол хийж, орлого, зарлагаа өмнөх оноос 18 хувиар бууруулсны үр дүнд нь эдийн засгийн өсөлт  -1.6 хувьтай гарсан аж.

Б.Заяа

Холбоотой мэдээ