Улсын аварга тариаланч Ж.Хартолгойд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-20 13:23:11

Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ховд аймгаас хоёр эмэгтэй тариаланч  Улсын аварга тариаланч цол хүртсэний  нэг нь  Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой юм.

Түүнд Ховд аймгийн Засаг дарга Д. Галсандондог болон аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар хүндэтгэл үзүүлж, аймгийн шагналыг гардуулан өглөө.

Ж.Хартолгой 1978-1981 онд Ховд аймгийн ХАА-н техниккумыг Агротехникч мэргэжлээр төгсөж, 1980-1990 онд Баруун бүсийн ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлжээ.

Энэ хугацаандаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадаглах, даршлах, үрийн стандарт зэрэгт өргөн мэдлэгтэй болж, амьдрал ахуйдаа хэрэглэн аймгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Улсын аварга тариаланч Жигжидийн Хартолгой сүүлийн 3 жилд 3-6 га газарт тариалалт хийж, 1 га-гаас авах ургацын хэмжээг жилээс жилд ахиулан ажиллажээ.

Улсын аварга тариаланч Ж.Хартолгой нь тариаланч ногоочдын бүлэг байгуулан, Буянт голын усыг ашигтай зүй зохистой ашиглан, байгаль орчноо хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, багасгах, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Эрдэнийн шоо” нэртэй бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ бүлгийнхээ үйл ажиллагааны хүрээнд бургас, улиас, чацаргана зэрэг 1200 ширхэг мод тариалж, хөрсийг салхины элэгдлээс хамгаалан ажиллаж байгаа тэргүүний шилдэг тариаланчдийн нэг юм.

Буянт сумын Улсын аварга тариаланч Ж.Хартолгой жил бүр аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг “Ургацын баярт” өөрийн тариалсан төмс хүнсний ногооноос гадна Буянт сумаас төрсөн гарсан Улсын аваргуудын тариалдаг таврас, амтат гуа, хулуу, ягаан сармис,сонгино зэрэг 10 агруй төрлийн хүнсний ногоо тариалж, ард иргэдийнхээ хүнсний хангамжид эрүүл эколоогийн хүнс нийлүүлдэг туршлагатай ногоочдын нэг.

А.Бямбасүрэн

 

 

 

Холбоотой мэдээ