Галын тахилга үйлдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-20 14:47:48

Дорноговь  /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нд Дорноговь аймгийн “Уран дөш” дархчуудын холбоо  Ханбаянзүрх хайрханы сүмийн урд буй галын тулгад тахилга үйлдлээ.

Монголчууд эрт дээр үеэс хөх тэнгэрийг мөнх оршихын бэлгэдэл, галыг ариусахын бэлгэдэл гэж үзэн галын бурханаа тахьдаг байсан уламжлалтай аж.

"Гал тахихдаа нутаг орныхоо байгаль дэлхий, газар усаа аргадах, хүн зоны аж амьдрал тэгш дүүрэн байхын ерөөл өргөж, үр хүүхдийнхээ хойчийн ирээдүйг сайн сайхан байлгах үүднээс  лам нар тусгайлан ном хурж буян үйлддэг байжээ. Тэр тусмаа 1560-аад оны үеэс эхлэн говийн гуравдугаар ноён хутагт галын тахилга үйлдэж байсан бөгөөд энэ уламжлал 1930-аад оныг хүртэл өвлөгдөж ирсэн" гэж “Уран дөш” дархчуулын холбооны тэргүүн Д.Нарантуяа  ярив.

Галыг тахихдаа өвлийн адаг сарын  шинийн 23-нд галын буулттай өдрийг товлож ёслол үйлддэг аж. Энэ уламжлалын дагуу тахилгад нийт 200 гаруй хүмүүс  өргөлийн архи, арц хүж, өөхөн тос зэргийг бэлтгэж оролцсон бол Хамарын хийдийн лам нар тусгайлан ном хурлаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ