Төсвийн орлого 464.2 сая төгрөгөөр тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-20 17:34:21

Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс энэ оны хоёрдугаар сарын 15-ны байдлаарх орон нутгийн төсвийн  орлого, зарлагын мэдээллийг гаргалаа.

Мэдээллээс үзэхэд тус аймгийн орон нутгийн төсөвт нийт 1354.4 сая төгрөгийн орлого төвлөрөхөөс 890.1 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 65.7 хувь буюу 464.2 сая төгрөгөөр төсвийн орлого тасарсан аж.

Жишээ дурдахад зөвхөн Монгол Улсын хамгийн том боомт хот Замын-Үүдээс орон нутгийн төсөвт 200 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстойгоос 115.6 сая төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд төлөвлөгөөтэй харьцуулахад 84.4 сая төгрөг буюу 57.8 хувиар орлого тасарчээ.

Энэ мэтээр орон нутагт төсвийн орлого тасарсан нь уул уурхайн томоохон компаниудын үйл ажиллагаа доголдсон, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ багассан, экспортын бүтээгдэхүүний орлого буурсан, хүмүүсийн худалдан авах чадвар буурсан зэрэг олон шалтгааныг мэргэжилтнүүд нэрлэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ