Хятадын эрдэмтэд 1 эксафлопсын хүчин чадалтай супер компьютер бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-21 14:28:37

БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын мэргэжилтнүүд 2018 он гэхэд 1 эксафлопс буюу  нэг секундэд квинтильон (10-ын 18 зэрэгт тоо) үйлдэл хийх хүчин чадалтай компьютер зохион бүтээхээр төлөвлөж байна гэж БНХАУ-ын Тяньжин хот дахь  Улсын супер комьютерын төв мэдэгдлээ.

Уг төслийн багийн ахлагч Мэн Сянфэй хэлэхдээ “Tianhe-3 компьютер нь одоо байгаа бүх ижил төстэй төхөөрөмжүүдээс хол давсан дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болно. Энэ компьютер нь худалдаанд гараагүй байгаа дэлхийн хамгийн хүчирхэг компьютеруудын зэрэглэлийг тогтоодог “TOP500” төслийн 2016 оны 11 дүгээр сарын жагсаалтыг тэргүүлсэн “Sunway TaihuLight” компьютероос хэдэн арав дахин илүү хүчин чадалтай” гэв.

Мөн тэрбээр “БНХАУ энэ онд тус салбарт дэвшилт гаргаж, процессор болон дагалдах технологиудыг сайжруулж, улам боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байна. Үүний дүнд, эксафлопсоор хэмжигдэх хүчин чадал бүхий компьютерын загварыг бүтээнэ. Өөрөөр хэлбэл, бид компьютерын хүчин чадлын шинэ үе шатанд шилжих гэж байна. Энэхүү компьютерыг бүтээснээр шинжлэх ухааны нарийн түвэгтэй олон асуудлыг богино хугацаанд, өргөн хүрээнд, алдаа мадаггүйгээр шийдэх боломжтой болно” гэлээ.

Уг компьютерыг генийн инженерчлэлийн салбарт уургийн байрлалын дараалал болон бүтцийн анализ хийхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. “Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийнэ гэсэн таамаглаж байна” хэмээн Мэн Сянфэй нэмж хэллээ.

Шинэ компьютерыг дан ганц хятад технологиор бүтээх бөгөөд 2020 он гэхэд ажиллахад бэлэн болох аж. АНУ-ын эрдэмтэд 1 эксафлопсоос илүү хүчин чадалтай компьютероо танилцуулахаас өмнө шинэ супер компьютероо ашиглалтад оруулахаар Хятадын мэргэжилтнүүд ажиллаж байна.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ