Залуу малчин Н.Баясгалан “Алтан ботгоны эзэн” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-22 17:05:09

Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Мандах сумын дөрөвдүгээр багийн иргэн сум, аймгийн сайн малчин Н.Баясгалан ХХААХҮЯ, МҮОНР хамтран 1961 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал  “Алтан ботгоны эзэн”-ээр тодорлоо.

Тэрээр таван  төрлийн 2000 гаруй малтай бөгөөд  зөвхөн тэмээний тоогоороо аймагтаа тэргүүлж 300 гаруй тэмээ тоолуулснаас гадна  2016 онд 55 ботго эсэн мэнд бойжуулсан байна.

Залуу малчин Н.Баясгалангийнх сумын төвөөс урагш Ширээ цав гэдэг газар нутаглаж Мичин жилийн өвлийг өнөтэй давжээ. Тэрээр дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргийг өсгөөд зогсохгүй нутгийн ард иргэдийг малжуулах үйлсэд хүчин зүтгэсэн аж.

Дашрамд дурдахад Мандах сумын уугуул Монгол Улсын аварга малчин, Хөдөлмөрийн баатар Н.Хүрээт, Монгол Улсын хошой аварга малчин С.Гомбосүрэн, гавьяат малчин Д.Гэрэл, Ц.Цэгмид, залуу аварга малчин Ө.Цог зэрэг алдар суутнууд  зөвхөн тэмээн сүргээ адгуулан маллаж алдрын  зэрэгт хүрчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ