Сэлэнгэ түмний минь буян заяа өөдөө байж, Хоймор сайхан нутаг минь мандан бадрах болтугай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол түмний үндэсний их баяр болох Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нарын мэндчилгээг Монгол түмэндээ хүргэлээ.
Тэрээр уг мэндчилгээнд, Эх сайхан орныхоо төв хоймор, алтан шаргал тариа буудайны өлгий нутгийн эзэд болсон азай буурлууд, ахан дүүс та бүхэн минь айл саахалт, хотол түмнээрээ өнөтэй өвөлжиж гал тахиа жилийн хаврын тэргүүн сартайгаа мэнд сайхан золгож байна уу?
Улиран алсарч буй бичин жилийг Сэлэнгэчүүд бид хийсэн ажил, хүрсэн үр дүнтэйгээр үдэж байгаадаа сэтгэл тэнүүн байна.
Аймгийн баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжүүд маань 303.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 279.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж улсынхаа эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулсан бол эх орныхоо хөрсөнд соёолсон экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард олноо хангах үүрэг хүлээсэн тариаланч, механикжуулагчид маань 244.6 мянган тн үр тариа, 42.4 мянган тн төмс, 32.7 мянган тн хүнсний ногоо хураан авч, үүний дотроос Хушаат сумын хөдөлмөрч иргэд ургацын хэмжээгээрээ улс, аймгийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Сэлэнгэчүүд бидний халуун ам бүл 106.6 мянга болж, 1826 шинэ иргэнээр бүл нэмж, арвин баялагтай таван эрдэнэ мал сүргийн тоо, толгой 1.599.750 мянгад хүрч, үүнээс цэвэр үүлдрийн болон эрлийз буюу өндөр ашиг шимтэй мал сүрэг 365.0-д хүрсэн нь нийт мал сүргийн 28 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэчүүдийн хөдөлмөр, зүтгэлийг өндөрөөр үнэлж амуу тарианы нутаг Цагааннуурчууд улсдаа манлайлан “Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сум”-аар шалгарсан амжилтыг үргэлжлүүлэн 2016 оны ажил үйлсээрээ Монгол Улсын аварга малчин 6, Монгол Улсын аварга тариаланч 3, Монгол Улсын аварга тариаланч хамт олон 6 тус тус шалгарсан сайхан мэдээг дуулгахад таатай байна.
Өнгөрч буй 2016 онд бүх шатны төрийн эрх барих сонгуулийн жил байсан хэдий ч Сэлэнгэчүүд бид бүхэн өмнөө тавьсан зорилго, зорилтоо ханган аймгийнхаа хөгжил, ард олныхоо сайн сайхны төлөөх үйлсэд 84.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн дүн гарч байна.
Тухайлбал:Аймгийн төв Сүхбаатар сумандаа олон улсын жишиг, стандартад нийцсэн шинэ худалдааны төв, иргэдийнхээ чөлөөт цаг, завыг зохистой өнгөрүүлэх эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд зориулсан усан спорт, сургалтын төв, эх орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулахаар аав ээжийнхээ дэргэдээс өрх тусгаарлаж буй залуусдаа зориулсан хуримын ордон бий боллоо. Түүнчлэн Сант, Мандал сумдад шинэ сургууль, Шаамар сум, Бугант, Хэрх тосгодод шинэ цэцэрлэгүүд үүдээ нээж, Хүдэр, Ерөө сумд, Түнхэл тосгоны ард иргэдийн олон жилийн хүсэл биелэлээ олж шинэ гүүртэй боллоо. Мөн Орхон, Сант, Хүдэр, Ерөө чиглэлийн хатуу хучилттай 127.9 км авто зам шинээр ашиглалтад орсон зэргийг онцлох байна.
Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд зодоглосон 1024 хүчитнээс Мандал сумын харъяат Нэгдэлийн Жаргалбаяр 6 давж Монгол Улсын харцага, Сайхан сумын харъяат Батсайханы Дэлгэрсайхан 5 давж Монгол Улсын начин цолтны эгнээнд багтлаа.
Сэлэнгэчүүд бидний ирээдүй болсон авъяаслаг залуус маань хийморь цог золбоо нь өөдөө байж тив, дэлхийн олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаагийн дотроос Сүхбаатарын сумын Д.Хонгорзул боксийн азийн аварга, Шаамар сумын Т.Отгонзаяа, Алтанбулаг сумын Б.Ариунболд нар тулааны спортын дэлхийн аварга болсон бахдам амжилт үзүүлээд байна.
Монгол төрийн алтан жолоог түшилцэх эрхэм бөгөөд хариуцлагатай албанд Сэлэнгэ нутгийн уугуул Монгол Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат томилогдож Монгол Улсынхаа 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байгаа нь Сэлэнгэчүүд бидний 2016 оны бас нэгэн бахархал болж байна.
2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ард иргэдийнхээ итгэл, сэтгэлийг дааж шинээр сонгогдсон болон томилогдсон бидний баг хамт олон аймгийнхаа хөгжил, сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах хариуцлагатай үүрэг хүлээснээ гүнээ ухамсарлаж “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” эрхэм зорилгын дор та бүхэнтэйгээ ирэх он жилүүдэд эргэх холбоотой байж, итгэлийг тань зүтгэлээр хариулахаа илэрхийлье.
Нутгийн түмэн та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сэлэнгэ түмний минь буян заяа өөдөө байж,
Хоймор сайхан нутаг минь мандан бадрах болтугай гэжээ.
Ч.Отгонцэцэг