Д.Трамп: Б.Обама намайг тагнасан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-05 12:42:51

ВАШИНГТОН. /Nikkei/. Сонгуулийн кампанит ажлын үеэр Барак Обама намайг тагнаж, утасны яриа сонссон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Д.Трамп өчигдөр твиттер хуудсандаа “сонгуульд ялахын өмнөхөн “Trump Tower”-т Обама чагнах төхөөрөмж байрлуулсныг би олж мэдсэн” гэж бичжээ.

Мөн “Оросын Элчин сайд Б.Обамагийн засаг захиргааны үед Цагаан ордонд 22 удаа, дан ганц өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд 4 удаа зочилсон” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна.

Д.Трампын сонгуулийн кампанит ажил өрнүүлэгчид болон Орос хоорондын харилцааг АНУ-ын Ардчилсан намынхан шалгаж байгаатай холбоотойгоор тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна.

Харин энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Ерөнхийлөгч Б.Обама хэн нэгнийг тагнах үүргийг хэнд ч өгч байгаагүй. Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй. Энэ бол ор үндэслэлгүй, худал мэдэгдэл” гэжээ.

Ардчилсан намын нөлөө бүхий хууль тогтоогчид болон Оросын удирдагчид, тэдний дотор Ерөнхийлөгч Владимир Путин уулзаж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Д.Трамп баасан гарагт твиттерт тавиад, Орос болон Ардчилсан намынхан хоорондын харилцааг мөрдөн шалгахыг уриалжээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ