Шинзо Абэ 2021 оныг хүртэл Японыг удирдах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-03-06 10:57:18

ТОКИО./Nikkei/. Намын удирдагч гурван удаа дараалан гурван жилийн хугацаатайгаар намаа удирдаж болно гэсэн нэмэлт өөрчлөлтийг Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам /ЛАН/ өнгөрсөн амралтын өдөр намынхаа дүрэмд албан ёсоор оруулжээ. Ингэснээр Шинзо Абэ 2021 оныг хүртэл Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хаших боломж бүрдсэн байна.

Ням гарагт болсон ЛАН-ын чуулганы үеэр уг шийдвэрийг гаргажээ.
Японы парламентын болон мужууд дахь намын хороодын 3500 орчим гишүүн Токио хотноо болсон чуулганд оролцсон байна.

ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай намын даргын үүрэгт хугацааг сунгах саналыг дэвшүүлэхэд намын гишүүд түүнийг нь дэмжсэн байна. Хуучин дүрмээр бол, нэг хүн хоёр удаа гурван жилийн хугацаатайгаар намын даргын албан тушаалыг хаших боломжтой байжээ.

Ш.Абэгийн хувьд ЛАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалыг хаших хоёр дахь удаагийн үүрэгт хугацаа нь 2018 оны есдүгээр сард дуусах байв. Харин өчигдрийн шийдвэрийн дүнд тэрбээр ирэх оны есдүгээр сард болох намын даргын ээлжит сонгуульд өрсөлдөх боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн онд болсон парламентын дээд танхимын сонгуулиар сүүлийн 27 жилийн хугацаанд ЛАН-ынхан анх удаагаа парламентад дийлэнх олонх болсон билээ. Тухайн үед Ш.Абэ үг хэлэхдээ “энэ намд итгэх ард түмний итгэлийг эргүүлэн авчрахад 30-аад жилийн хугацаа орлоо. Өнгөрсөн хүнд үеийг би хэзээд санаж, аливаа сорилтуудад даруухнаар, нухацтай бөгөөд зоригтойгоор хандах болно” гэж байв.

Хэрвээ Ш.Абэ гурав дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогдвол Японы засгийн газрын тэргүүнээр нийтдээ 3500 гаруй хоног /2006-2007 онд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэснийг оруулаад/ ажиллана гэсэн үг. Түүний удирдсан хоёр дахь буюу одоогийн засгийн газар 2012 онд байгуулагдсан юм. Ингэснээр дэлхийн II дайны үед 2886 хоног ерөнхий сайдаар ажилласан Таро Кацүро-г Ш.Абэ 2019 оны 11 дүгээр сар гэхэд гүйцэж түрүүлснээр Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласан хүн болох ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ