Өмнөд Солонгост THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-03-07 11:17:18

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын зүгээс аюул заналхийлэл нэмэгдэж байгааг сөрөн зогсч, хариу арга хэмжээ авах зорилгоор THAAD буюу баллистик пуужинг замд нь устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулах ажиллагааг АНУ-ын арми эхэллээ гэж АНУ-ын Номхон далайн командлал өнөө өглөө мэдэгдлээ.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах уг системийн төхөөрөмжүүдийг Сөүл хотоос өмнө зүгт 70 км-ийн зайд орших Пёнтэк хот дахь Осаны агаарын цэргийн хүчний баазад өчигдөр зөөж авчирсан байна.

АНУ-ын Номхон далайн командлалын мэдэгдэлд “гуравдугаар сарын 6-нд БНСУ-д THAAD системийн эхний төхөөрөмжүүдийг байрлуулснаар Солонгосын хойгт батлан хамгаалах чадавхийг сайжруулах зорилгоор АНУ-БНСУ-ын хооронд 2016 онд байгуулсан хэлэлцээр хэрэгжиж эхэллээ ” гэжээ.

Сөүл болон Вашингтон хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг эсэргүүцэн Умард Солонгосын тал дөрвөн баллистик пуужин харвасан өдөр буюу өчигдөр THAAD-ыг суурилуулах ажиллагаа эхэлсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ