М.Такаока: Япон улс Монгол улсын хувьд итгэл дааж чадах улс болохоо бататган харуулна
МОНГОЛЫН МЭДЭЭОдоогоос 45 жилийн өмнө Хоёрдугаар сарын 24-ний өдөр нэг талдаа социалист Бүгд Найрамдах Монгол Ард Улс нөгөө талаас ардчилсан төрт Япон улс дипломат харилцаа тогтоож буйгаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж байсан билээ. Тэр үеэс хойш энэхүү харилцаа нь улам бүр идэвхжин батжиж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокатай МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч уулзаж ярилцав.
-Хоёр улсын харилцааны шинэ түвшин, хэтийн төлвийн талаар та юу хэлэх вэ?
-Одоогоос 45 жилийн тэртээ манай анхдагчид Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа байгуулахаар тогтсон тэр үед хоёр орны харилцаа өнөөгийн харилцан ойлголцлын гүнзгий түвшинд хүрнэ хэмээн төсөөлж ч байгаагүй бизээ. Хүйтэн дайны үед хоёр улсын харилцаа идэвхтэй байгаагүй. Харин Монгол Улс ардчиллын замд шилжин орсноор улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа гээд өргөн хүрээнд идэвхжиж ирсэн. Үүний нэг жишээ бол Япон Улс анхлан удирдан зохион байгуулсан “Монголын донор орнуудын чуулга уулзалт” юм.
Миний бие Монгол Улсад суух Японы Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсоноос хойш Монгол-Японы харилцааг судалж эхэлсэн. Харин Япончуудын хувьд Монголын агуу их түүх, онгон дагшин байгальд сэтгэл нь хөдөлж, Монголчуудтай харилцахдаа ихэд дотно нөхөрсөг уулзсан юм шиг мэдрэмж төрдөг. Япон, Монгол иргэд хоорондын халуун дулаан харилцаа нь энэхүү хоёр орны харилцааг тодорхойлох гол онцлог юм. Японд суралцаж буй оюутнууд, Японы Сумогийн дэвжээнд хүч бяраа гайхуулах сумочдоор жишээ авч болно. Энэхүү 45 жилийг дүгнээд хэлбэл, Япон-Монголын харилцаа үнэхээр батжин бэхжжээ.
-Та Монголд суух элчин сайдаар томилогдох үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Миний бие Монголын талаарх мэдлэг, ажлын туршлагагүй нэгэн. Анх томилгоог сонсоод ихэд гайхсан. Эртнээс Сумо бөхийг шимтэн сонирхдог байсан болохоор Монгол бөхчүүдийг дэмжихээс цаашгүй байлаа. Харин Монголын талаар Япончууд маш ихэд сонирхож байна. Ерөнхий сайд Шинзо Абэ алба хашиж буй хугацаандаа Монголд гурван удаагаа айлчлан ирсэн нь Монголтой харилцах харилцаагаа ихэд чухалчилж буй Ерөнхий сайдын бодол төдийгүй Японы Засгийн газрын бодлого юм. Япон-Монголын Парламентын бүлэг зэрэг улс төрийн түвшинд Монголтой харилцах харилцаагаа анхаарч буй энэ үед маш их үүрэг хариуцлага мэдэрч байна.
-Элчин сайдын хувьд үүрэгт ажлын цаашдын эрмэлзэл, чухалчилж байгаа салбаруудын тухайд?
Японы ард түмэн болоод Засгийн газрын Монгол Улстай харилцах найрсаг харилцаа, сонирхол зэрэгт бүрэн нийцүүлж, хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхийг зорих болно. Иргэд хоорондын харилцаа, улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарна.
Монгол Улс нь Япон улстай бүс нутаг дахь стратегийн чухал түнш, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаар ижил ашиг сонирхолтой улс.Тиймээс, зөвхөн хоёр улсын харилцаа төдийгүй бүс нутаг болон олон улсын тавцан дахь түншлэлээ улам бататгахыг хичээнэ.
-Таныг Монголд томилогдоход, ойр дотны хүмүүсээс тань ч юмуу Монголын амьдралд хэрхэн дасан зохицох талаар зөвлөгөө өгч байв уу?
-Өвөл ажлаа хүлээж авсан тул, хүмүүс “их л хүйтэн газар” гэж л хэлж байсан. Би өөрөө хүйтэнд тэсвэртэй нэгэн биш тул, жаахан сандарч байлаа. Дүн өвлийн хүйтэнд ч гэлээ маш тав тухтай ажлаа хийж байна.
-Гэр бүлийнхэн тань хамтдаа ирсэн үү?
-Эхнэртэйгээ хамт ирсэн. Манайх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань том болсон болохоор хамт ирээгүй.
-Та Монголд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Өвөл болохоор хараахан олон газраар явж амжаагүй л байна. Гэхдээ саяхан хөдөө гарч морь унасан. Өдийг хүртэл үзэж байгаагүй цав цагаан уужим тал газар морь унах үнэхээр гайхамшигтай санагдсан шүү. Хавар болж цас хайлахаар цав цагаан тал нутаг хэрхэн өнгөө өөрчлөх нь их сонирхол татаж байна.
- Хэдийгээр та Монголд ирээд удаагүй ч биечлэн очиж танилцсан газрууд болоод бүтээн байгуулалтын талаарх өөрийн бодлоо хуваалцана уу?
-Олон газраар очиж үзлээ. Ямартаа ч эхлээд Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборт очъё хэмээн бодсон. Сибирьт цөлөгдсөн олон Япон цэргүүдийн нэгээхэн хэсэг нь Монгол руу ачигдаж албадан хөдөлмөр хийж байсан боловч дийлэнх нь эх нутагтаа буцаж чадалгүй Монголын хөрсөнд нойрссон байдаг. Тус цогцолборт очих үед нэгдүгээр сарын жихүүн өдөр байлаа. Олзонд байсан тэдгээр хүмүүс ч ийм л хүйтэнд байсан байхдаа гэсэн бодол төрж билээ. Өөрөөр хэлбэл тэдний сэтгэл зүрхийг цаашид Монголд амьдрах хүний хувьд мэдрэх шаардлагатай гэж бодож байна.
Үүнээс гадна Японы хамтын ажиллагааны хүрээнд барьж буй Япон-Монголын сургалтын Эмнэлгийн барилгын ажил, Дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг олон газраар очиж үзлээ. Японд сургалтын эмнэлэг гэх ойлголт энгийн зүйл боловч Монголд анхны сургалтын зориулалттай эмнэлэгт Япон улс барилгын ажил, үйл ажиллагаанд нь хамтран ажиллаж энэ улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа явдал нь үнэхээр сайхан хэрэг. Дөрөвдүгээр цахилгаан станцын тухайд бол Зөвлөлтийн үед барьж, Японы оролцоотой тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Одоо энэ станц Улаанбаатар хотын 70 гаруй хувийг цахилгаанаар хангадаг амин зүрх нь болжээ. Мөн 1000 инженерийг сургах төсөл буюу техникийн инженерийн чиглэлийн дээд боловсролыг дэмжих төслийг онцолмоор байна. Үүгээр дамжуулан Монгол хүний хөгжил болоод Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Түүнчлэн шинэ олон улсын нисэх онгоцны буудлын ажилтай танилцлаа.
Шинэ буудал нь Монголын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байгаа тул хурдан ашиглалтад орох байх хэмээн хүлээж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд Монгол технологийн хөгжилд хүрэх нь мадаггүй.
-Таныг Хёого мужид төрж өссөн гэж сонслоо. Бага насныхаа тухай яриач? Дипломат болно гэж бодож байв уу?
-Бага байхдаа ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг боддоггүй байж. Бэйсбол хөөсөн хөдөөний нэгэн жаал байсан болохоор гадаад луу явна чинээ санаж ч байсангүй. Харин Дипломатч болох хүсэл маань Их сургуульд элсэж орсноос хойш юм.
-Та өнөөг хүртэл олон оронд хариуцлагатай ажилд томилогдон ажилласан хүн.Хамгийн ихээр сэтгэлд хоногшсон улс орны талаар яриач. Ялангуяа өмнөх томилгоо болох Ирак Улсын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Ер нь бол бүхий л улс орон сэтгэлд их тодхон үлджээ. Улс орон бүр тухай газрын онцлогийг агуулж, надад үлдсэн сэтгэгдэл мөн ижил харилцан адилгүй тул яг нэг газрыг цохож тэмдэглэхэд хүндхэн байна. Эдгээр дундаас урьдах томилгооны Ирак Улс бол арай илүү дурсамж үлдээсэн орон. Саддам Хусейныг Кувейт луу довтлох үеэр Японыг юу ч хийгээгүй, олигтой тусламж дэмжлэг үзүүлээгүй хэмээн шүүмжилж байлаа. Миний хувьд Персийн булангийн дайны үеэр хэрхэн хамтарч ажиллах талаар чадлаараа хичээн ажилласан боловч үнэндээ сайн үнэлгээ авч чадалгүй сэтгэл гонсгор үлдсэн. Харин 2003 онд Иракт дахин дайн дэгдэхэд Япон өөрийгөө хамгаалах хүчнийг илгээх зэргээр хувь нэмрээ оруулсан. Гэвч тэр үед Иракт ажиллаж байсан хоёр дипломат ажилтан харамсалтайгаар амь насаа алдсан юм. Түүний нэг нь Гадаад хэргийн яаманд нэгэн үе хамт ажиллаж байсан нөхөр маань байсан болохоор Иракын талаар гүн сэтгэгдэл үлджээ. Иракийг бүтээн байгуулах нь хялбаргүй агаад Лалын хэт даврагчид гарч ирсэн зэрэг олон асуудал ундарсан өдрүүд байж дээ.
-Элчин сайдын хувиар цаашид Японы талаар юунд голчлон анхаарч Монголчуудад танилцуулахыг зорьж байна вэ?
-Юуны түрүүнд Монголчууд Япон хэл болоод Япон орныг сонирхож буйд үнэхээр талархмаар байна. Саяхан зохион байгуулсан Япон киноны өдөрлөгүүдэд залуус олноор оролцлоо. Японыг сонирхох залуус олон болж буйг харахад үнэхээр таатай байсан шүү. Мөн түүнчлэн өнгөрсөн сард Монгол Улсын Гадаад хэргийн яаманд зохион байгуулсан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүлээн авалтын үеэр Монголын Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг “Япон улс нь Монгол Улс ардчиллын замд орсноос хойш эргэлт буцалтгүйгээр найрсаг харилцаатай байж ирсэн” хэмээн онцлон тэмдэглэсэн шиг манай хоёр улс яахын аргагүй найрсаг харилцаатай.Зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагаа хэмээх нэг талын харилцаанд тулгуурлалгүй, цаашид ч Япон Улс нь Монгол Улсын хувьд дотно болоод итгэл дааж чадах улс болохоо бататган харуулахыг хичээх болно.
- Цаг зав гарган илэн далангүй ярилцсанд баярлалаа. Цаашдын тань ажил үйлсэд амжилт хүсье.
С.Дашцэрэн