Дархан сум энэ оны төсвөө тодотгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-10 23:48:05

Дархан-Уул /MOНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын долоо дахь удаагийн ээлжит гуравдугаар хуралдаан болж сумын 2017 оны төсөвт тодотгол хийлээ.

Хуралдаанд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Багуудынн ИНХ-ын болон Засаг дарга нар оролцлоо. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням нээж хэлэхдээ: “Сумын ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж үр ашигтай ажиллах төрийн ажилд иргэдийн санал санаачлага, оролцоог нэмэгдүүлж тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт” гэв. Тэрбээр цааш нь: “Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасны дагуу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдсэнээр орон нутгийн төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал бий болж уг хуулийн 34 дүгээр зүйлийн 2-д зааснаар сумын Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, ИТХ-д өргөн мэдүүлсэн ба орон нутгийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусгаж 2017 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болсон. Тус сумын 2017 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлж ажиллах болно” гэв. Хуралдаанд “Дархан сумын 2017 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай” сумын Засаг дарга Б.Азжаргал илтгэл тавилаа. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн журам”-ын хэрэгжилтийг хангуулах тухай болон 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаас гарсан шүүмжлэлийн мөрөөр хийсэн ажлын мэдээллийг танилцуулсан юм.

Хуралдаанаар тус сумын 2017 оны тодотгосон төсвийн орлогыг 2240,2 сая, зарлагыг 1673,1 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх төвлөрүүлэлт 567,1 сая, Орон нутгийн хөгжлийн санг 3973,3 сая ,улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 24536,4 сая төгрөгөөр тус тус баталлаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ