Зарим сургууль, цэцэрлэгийн ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-10 23:56:19

Дархан-Уул /MOНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын “Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо”-ы гишүүд Дархан сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, “Од цогцолбор” сургууль, сургуулийн өмнөх боловсролын 13, 25 дугаар цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажилтай газар дээр нь очиж танилцав.

Тус хорооны гишүүдийг эдгээр сургууль, цэцэрлэгүүдэд очиход захирал эрхлэгчид нь тус бүрдээ сургалт хүмүүжлийн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тухайн байгууллагуудын 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн сургалтын явц байдал, “Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ахлах сургуулийн бодлого, хүрсэн үр дүнгийн талаар танилцсан юм. Тэд очсон газар бүхэндээ багш нар болон сурагч, эцэг эхийн төлөөлөлтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонслоо.

Аймгийн ИТХ-ын “Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо”-ны гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батжаргал: “Манай хорооны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эдгээр боловсролын байгууллагуудын ажлын явцтай танилцаж явна. Аймгийн нийгмийн бодлого тэр дундаа хүний хөгжлийн асуудал нь орон нутгийн төр захиргааны анхаарлын төвд байдаг. Бид боловсролын салбарын ажилтай нь танилцсан үр дүнгээ хорооныхоо хурлаар нэгтгэж хэлэлцээд цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргаж энэ сард зохион байгуулагдах аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн өргөтгөсөн зөвлөгөөний үеэр танилцуулах юм” гэв.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ