Байгаль орчныхон зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-13 21:15:08

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөлгөөн өнөөдрөөс Улаангом хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр байгаль орчны талаарх төрийн бодлого, аймгийн хөгжлийн хөтөлбөр, БОАЖ-ын салбарын бодлого, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, байгаль хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, зөрчил, анхаарах асуудал, тусгай хамгаалалттай газар нутаг, усны сав газар, байгалийн эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймэр, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар салбар салбарынхан илтгэл тавьж байгаа аж. Түүнчлэн зөвлөлгөөнд оролцогчдын дунд “Аялал жуулчлал ба байгаль орчин”, “Уул уурхай ба байгаль орчин”, “Хөдөө аж ахуй ба байгаль орчин”, “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин” гэсэн сэдвүүдээр маргааш хэлэлцүүлэг явагдах юм байна.

Зөвлөлгөөнд аймгийн болон байгаль орчны салбарын удирдлагууд, ажилтан албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, ус цаг уурын харуулууд, газрын даамлууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцож байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ