“Эрдэнэс-Таван толгой” ХК “Монгол уурхайчид” түншлэлийнхэн хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Эрдэнэс-Таван толгой” ХК Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх “Монгол уурхайчид” түншлэлийнхэнтэй хамтран ажиллах гэрээг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хийв.
Тус компанийн Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэлийнхэн буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК, “Олборлолт” ХХК, “Мера” ХХК-ийн нэгдлийнхэн ялж, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажиллахаар болж буй юм.
Хамтран ажиллах гэрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батхишиг, “Олборлолт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсүх нар гарын үсэг зурлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд
“Өнөөдрийн үйл ажиллагаа нь компанийн түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал боллоо. Цанхийн баруун уурхайн үйл ажиллагаа хоёр жил гаруй хугацаатай түр зогсож байгаад энэ цагт албан ёсоор үйл ажиллагаа нь эхэлж байна. Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг шалгаруулах тендерийг өндөр хариуцлага, ил тод, шударга нээлттэй явууллаа. Сонгон шалгаруулалтад Монгол компаниуд шалгарч, монголчууд өөрсдөө улсынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулах гэж байгаад бидний зүгээс талархаж байна. Нэгэн том зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Д.Ган-Очир