Үндэсний орлогын газар байгуулах саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-21 13:31:32

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү тогтоолын төслийг энэ оны тодотголын хамт өргөн мэдүүлсэн асуудал юм. Өөрөөр хэлбэл, агентлагуудыг нэгтгэх асуудлыг уг тогтоолоор ярьж байгаа хэрэг юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Зарим агентлагийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж болохоор байгаа. Гэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн бүтцийн өөрчлөлтөөр Үндэсний статистикийн хороог Засгийн газар мэдэлдээ авах нь. Энэ байгууллага бол эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар судалгаа хийж мэдээлэл гаргах ёстой. Энэ байгууллагыг 2000 онд Засгийн газрын нөлөөллөөс гаргаж, УИХ-ын харьяанд авчрах хуулийн төслийг тухайн үед би хэсэг гишүүдтэй санаачилж, хуулийг нь батлуулж байсан. Уг байгууллагыг Засгийн газрын харьяанд шилжүүлэх нь учир дутагдалтай. Засгийн газар нь УИХ-ын харьяа байгууллагыг шууд татан буулгаж нэгтгэх эрх байх уу" гэсэн асуудлыг тавьж байв.

Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараагаар санал хураалтаар хуралдаан үргэлжилсэн. Холбогдох агентлагийн алба хэлтсийг нөгөөд нь шилжүүлэх тухай зарим санал энэ үеэр унасан. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэхгүй хуучнаар нь үлдээх санал олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Ингэснээр Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэн Үндэсний орлогын газар байгуулах Засгийн газрын санал хэвээр үлдэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ