10 хүүхэд тутмын найм нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, "Гүүд Нэйборс Монгол" төлөөлөгчийн газар хамтран улс даяар явуулсан “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт судалгааны урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа.
Судалгаанд Улаанбаатар хотын долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийлсэн 7159 хүн хамарсан бөгөөд 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд, хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан хэмээн хариулжээ.
Хүүхдийн эрх гудамж талбайд хамгийн их зөрчигддөг
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж буйгаар гэр бүлийн орчинд (84.7 хувь), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44,7 хувь), хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг хэмээн үзсэн бол харин хүүхдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6 хувь, сургуулийн орчинд 36.2 хувь , гудамж талбайд 53.8 хувь хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулжээ.
Хүүхдүүд айдастай байна
Асуулгад хамарсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3 хувь нь гэр бүлийн орчинд 16.4% хувь бусдаас буюу гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газарт, цахим орчинд, танихгүй хүнээс их айдаг гэжээ.
Уг судалгаанд хамарсан хоёр оролцогч тутмын нэг нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа гол шалтгаан бол хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэсэн байна.
Гүүд Нэйборс төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай ярихдаа, Хүүхдийн эрх зөрчигдөхөд хэн хамгаалах вэ судалгаанд хамрагсдын 90 хувь нь эцэг эх гэсэн байсан. Гэтэл төрийн байгууллага, төрийн албан хаагч чухал үүрэгтэй гэж ердөө 10.5 хувь нь л хариулжээ. Энэ нь хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага төрийн алба хаагчийн үүрэг манлайлал огт байхгүй гэсэн үг. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг нэхэж байна. Батлагдаад багагүй хугацаа өнгөрч буй хуулиудыг хөрсөн дээр буулгаж, хүүхдийн эрхийг хангах улсын байцаагч нарыг ажиллуулахгүйгээр судалгааны дүн наашлахгүй” гэлээ.
Р.Хишигжаргал