Түүхий эдийн үнэ өсч, малын ханш унажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн статистикийн хэлтсийн мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар өнгөрсөн оны мөн үеийнхээс түүхий эдийн үнэ өсч, малын үнэ буурсан байна.
Өнгөрсөн сарын байдлаар адууны шир 35.0, үхрийн 1.8-2.3 метр урттай шир 25.0, 2.3 метрээс дээш урттай шир 35.0, хонины нэхий 1,0, ямааны арьс 25,0 мянган төгрөг байна. Өмнөх оны мөн үеийнхээс түүхий эдийн үнэ, адууны шир 75, үхрийн шир уртаасаа шалтгаалан 47,4-53,8, хонины нэхий 1 дахин, ямааны арьс 2.5 дахин тус тус өссөн байна.
Малын дундаж ханшны хувьд тэмээ 783,0, адуу 595,0, үхэр 795,0, хонь 110,0, ямаа 83,0 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс тэмээ 11, адуу 8.5, үхэр 7.8, хонь 10.4, ямаа 5.7 хувиар үнэ нь буурчээ.
М.Батжаргал