Өлгий сумын хоёрдугаар сургуулийн 90 жилийн ой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаагаас эхлээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн олон алдартнуудыг төрүүлэн гаргасан Бөхийн Баастын нэрэмжит “Алтан гадас” одонт Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль байгуулагдсаны түүхт 90 жилийн их ойг ирэх намар буюу 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэхээр товлоод байна.
Үүнтэй холбогдуулан тус сургуулийн үе үеийн төгсөгчид, сургуульд ажиллаж байсан багш, ажилчид зууны түүхтэй төрөлх сургуулийнхаа их ойг угтсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Налайх, Багануурт төгсөгчдийн уулзалтуудыг тус тус зохион байгуулахаар болжээ.
1927 онд суурь нь тавигдсан тус сургууль өнөөдөр 115 багш ажилтан, 1600 сурагчтай үйл ажиллагаа явуулж байгаа ба 2014 оноос баригдаж эхэлсэн 640 хүүхдийн хичээлийн шинэ байр ойн баярыг угтан энэ жил ашиглалтад орох юм.
Ө.Нурболат