Сүрьеэгүй аймаг болохын төлөө сэлэнгэчүүд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-24 23:48:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг Сэлэнгэ аймагт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн дор тэмдэглэлээ.

Сэлэнгэ аймаг сүрьеэгийн өвчлөлөөрөө улсдаа тэргүүлж байна. Иймээс хүн амын дундах сүрьеэгийн өвчлөлийг хязгаарлахын тулд аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд өнгөрсөн 1-р сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал дээр сонсгол, мэдээлэл хийж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 тоот тогтоол гарч цаашид “Сүрьеэгүй Сэлэнгэ” уриатай хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулах шатандаа явж байна. Харин хөтөлбөр хэрэгжиж эхлэхийн өмнө аймгийн ЗДТГ, ЭМГ-аас Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтарч Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахын тулд  сумдын Засаг дарга нар, мөн бүх сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нар болон аймгийн зарим газар, хэлтсийн дарга нарт сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилготой “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.   

Сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг, нийгмийн халдварт өвчин юм

Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах боломжтой байдаг тул аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч хэмнэх боломжтой ажээ. Иймээс сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг, нийгмийн халдварт өвчин яах аргагүй мөн юм. ДЭМБ-ын судаалгаанд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл тархалтаараа өндөр дөрвөн орны нэгд нь Монгол Улс байна гэж тэмдэглэжээ. Дэлхий дээр нас баралтын гол шалтгаан болсон халдварт өвчлөлүүдээс сүрьеэ өвчин тэргүүнд бичигдэж байна. Харин Монгол Улсын хувьд сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн 3-рт, нас баралтын шалтгаанаар 1-рт орж эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээсээр байгаа юм. Сэлэнгэ аймгийн тухайд эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эл өвчлөлийг бууруулахын тулд олон талын ажил зохион байгуулж, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хөршийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгчээ

Сэлэнгэ аймгийн хувьд Сүрьеэгийн өвчлөлийг хязгаарлахын тулд хэрхэн ажиллаж байгаа дараах мэдээллийг хүргэе. Сүүлийн 5 жилийн судалгаагаар Сэлэнгэ аймаг 10.0 мянган хүнд ноогдох сүрьеэгийн өвчлөл 20.8 промил байгаа нь улсын дунджаас даруй 6.4 хувиар өндөр буюу улсдаа хамгийн эхэнд бичигдэж байна. Мөн 2016 онд 12 төрлийн 1849 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнээс 10.3 хувийг сүрьеэгийн өвчлөл эзэлж, өвчлөгсдийн 70 гаруй хувь нь ажилгүй, орлого багатай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, оюутан, сурагчид байгаа юм. Анх 2007 оноос Сэлэнгэ аймагт олон эмэнд тасалтай сүрьеэ /ОЭТС/–г эмчилж эхэлсэн байдаг. Энэ нь эдгэрэлтийн хувь бага, эмчилгээний зардал өндөр, үргэлжлэх хугацаа  урт, эмийн гаж нөлөө ихтэйгээс байжээ. Түүнчлэн ойрын хавьтлууд нь өвчлөх эрсдэл өндөртэй, нийгэм хамт олны дунд ОЭТС-ийн халдварыг тараах эрсдэлтэй байдаг тул НЭМ-ийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. 2016 оны байдлаар сүрьеэгийн шинэ тохиолдол улсын хэмжээнд 200 орчим бүртгэгдснээс Сэлэнгэ аймагт 26 тохиолдол илэрсэн байна.

Аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдийн сүрьеэгийн төв эмнэлэг, Хиагтын бүс дундын сүрьеэгийн төв эмнэлэг, Джида районы сүрьеэгийн эмнэлэгтэй он удаан жил хамтран ажиллаж ирсний зэрэгцээ ижил ажил, мэргэжилтний туршлагыг судлуулах, эмч, мэргэжилтнүүдийг солилцож ажиллуулах, онол практикийн бага хурлыг зохион байгуулж ажилласан нь мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд үр дүнгээ өгчээ.

2016 онд анхан шатны эмнэлгүүдийн  сүрьеэ хариуцсан мэргэжилтэн, сайн дурын идэвхтэнг сургалтанд хамруулан чадавхижуулж, нийт 42 сүрьеэ хариуцсан мэргэжилтэн, сүрьеэгийн эмч, тархвар судлагч, лаборант нарыг аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хиагтын сүрьеэгийн төв эмнэлэг, диспансер, лабораторын үйл ажиллагаатай танилцуулж харилцан туршлага судлуулжээ. Мөн аймгийн ЭМГ-аас сүрьеэ өвчнийг бууруулах олон хэлбэрийн ажил зохиож ирсний нэг нь Глобаль сан, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран олон талын ажил зохион байгуулснаас гадна, ДЭМБ-ын санхүүжилттэйгээр өвчлөл өндөртэй Баянгол суманд эрт илрүүлгийн цогц үзлэгийг зохион байгуулжээ. Үүнд гар аргаар алт олборлогчид болон сүүлийн 5 жилд сүрьеэгээр өвчлөгсдийн хавьтал зэрэгт тандалт судалгаа хийж 450 гаруй хүнийг хамруулж дахисан болон шинэ сүрьеэгийн 8 тохиолдлыг илрүүлэн хяналтанд авч эмчилсэн байна.

Тэдэнд сэтгэлийн дэм хамгаас чухал байна

Жил бүр “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг угтаж  сум, өрхийн эмнэлгүүдээс аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран “Бид сүрьеэг зогсоож чадна”, ”Сүрьеэгүй ирээдүйн зүгт хамтдаа” уриатайгаар явган аялал, спортын арга хэмжээ, АХА, “Дэвжээ”, гар зургийн уралдаан, “Галт тэрэгний аян”-г уламжлал болгосноос гадна ЕБС-ийн сурагчдын дунд “Атга будаа-ширхэг төмс” аяныг зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд жилдээ 500.0-800.0 мянган төгрөгийн будаа, төмс хандиваар цуглуулж, үйлчлүүлэгчдэд сэтгэлийн дэм хайрлах зорилгоор “Та сүрьеэгээр өвдсөн ч бид тантай хамт шүү” гэсэн сэтгэлийн илгээмж өгдөг болсон нь тэдний сэтгэлд нийцсэн арга хэмжээ болон хэвшжээ.

Мөн олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 8 суманд сүрьеэгийн лаборатори, 14 суманд сорьц тээвэрлэх тогтолцоог нэвтрүүлсэн байна. Ингэснээр иргэд орон нутагтаа сүрьеэгийн оношлогоо хийлгэх боломж нөхцөл бүрдсэн байна. 2016 онд сумдын 8 лабораторид оношийн болон эмчилгээ хяналтын 139 сорьцыг шинжилж үүнээс эерэг сорьц 4 илэрсэн нь тэдний мэдлэг чадвар дээшилснийг харуулж байгаа юм.

Сорьц тээвэрлэлтэнд хяналт нэн чухал юм

Сэлэнгэ аймгийн ЭМГ нь Глобал сангийн дэмжлэгтэйгээр “Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн судалгаа-III” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн үндэсний лавлагаа  лабораторт 182 сорьц хүргэн шинжлүүлснээс шинэ сүрьеэ 68, ОЭТС 22 тохиолдлыг эрт илрүүлсэн байна.  

Өнгөрсөн оны 12-р сараас эхэлж ЭМГ-т сүрьеэ хариуцсан мэргэжилтэнг бодлогоор дэмжиж ажиллуулснаар сумдын сүрьеэгийн эрт илрүүлэлт, хавьтлын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, сүрьеэгийн диспансерийн өдөр тутмын үйл ажиллагаанд болон сорьц тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хавьтлын тандалтын судалгааг сүүлийн 5 жилээр нарийвчлан гаргажээ.  

2016 онд ХӨСҮТ, ДЭМБ-тай хамтран Дулаанхаан тосгоны 18-аас дээш буюу зорилтот насны хүн амын дундах сүрьеэ болон бусад амьсгалын  эрхтэн тогтолцооны эмгэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг 731 хүн хамруулж, сүрьеэгийн сэжиг бүхий 12 хүнд нарийвчилсан шинжилгээ хийлгэж хяналтандаа авчээ. Мөн аймгийн БСГ-тай хамтарч ЕБС, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамруулж багш, сурагчдын дунд сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг өгч мэдлэг хандлагыг нь сайжруулж чадсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ