Манай залуу жүдочид Абу Даби хотноо буулаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-22 10:34:44

АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 23-27-нд болох жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцох манай баг тамирчид тус хотод очоод байна.

Өчигдөр тус тэмцээнд оролцох баг, тамирчдад хувцас хэрэглэл гардуулсан бөгөөд олон улсын А зэрэглэлийн шүүгч Б.Ууганбаатар шүүлтийн талаар заавар зөвлөгөөг өгсөн байна. Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д өнгөрсөн оны "Майами-2014" залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ Б.Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ Г.Баттулга тэргүүтэй манай шилдэг залуу жүдочид хүч үзнэ.

Баг тамирчдыг МЖБХ-ны дэргэдэх Жүдо академийн багш Д.Батсайхан болон Хүч спорт хорооны дасгалжуулагч Н.Баатарболд нар удирдана. Харин эмэгтэй тамирчдыг гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа дасгалжуулахаар болжээ. 

Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 55 кг-д Б.Амартүвшин (Женко), Э.Ариунболд (Жүдо академи), 60 кг-д Ц.Цогтбаатар (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Г.Баттулга (Ховд аймгийн хөгжлийн төлөө сан), 66 кг-д Н.Мөнхбаяр (Женко),73 кг-д Г.Балсанлүндэв (Хангарьд), 81 кг-д Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Д.Сандуйжав (Жүдо Академи), 90 кг-д Д.Цэрэнням (Хэнтий аймаг), -100 кг-д Г.Болдням (Жүдо Академи) оролцох бол эмэгтэй жүдочдоос 44 кг-д Г.Наранцэцэг (Женко), 48 кг-д Э.Гэрэлмаа (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), 52 кг-д П.Буянхишиг (Женко) , Б.Алтанцэцэг (Женко), 63 кг-д Б.Ганхайч (Спортын дунд сургууль), 70 кг-д Б.Хулан (Женко), +78 кг-д Г.Одонжаргал (Спортын дунд сургууль) нар барилдах бол багийн ахлагчаар Б.Мөнхболд ажиллана.

Тус тэмцээнд манай улс хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн жил үзүүлж нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Мөн өмнө нь ОУХМ Д.Төмөрхүлэг залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн бол Ц.Наранжаргал мөнгө, Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртэж байжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ