Дарьганга эхнэрийн хувцас, гоёл чимэглэл

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-27 13:45:09

Хувцас болон эдийн соёлоороо Азидаа алдартай Монгол Улсын Дарьганга угстаатнуудын бүтээсэн эхнэр хүний хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлс  Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.

 2500 гаруй үзмэртэй тус музейн онцлох үзмэрийн нэг энэхүү иж бүрдэл нь Дарьганга эхнэрийн малгай, дээл, ууж, толгойн болон хувцасны гоёл чимэглэл, гутал зэргээс бүрддэг. Малгайн шовх орой нь сүмбэр уулыг бэлгэддэг бөгөөд түүнийг тойрсон 32 ширээс нь нийт монгол угсаатны төлөөлөл хэмээн тайлбарладаг байна.

Харин улаан залаа нь нарны цацрагийг илэрхийлдэг гэнэ. Энэхүү малгайг Дарьганга сумын иргэн Ичинхорлоо эдэлж хэрэглэж байжээ.

Нарийн дугариг хэлбэртэй толгойн боолтыг алт, мөнгөн дээр шүр шигтгэн гоёмсог хээ угалз гарган хийжээ. Дарьганга толгойн боолт нь магнай, санчиг сагалдарга, ээмэг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Толгойн боолтны урд хэсэг рүү мөнгөөр гинжилсэн тор хийн түүний үзүүрээс шүр сувд унжуулдаг. Мөн санчигны мөнгөн гинжээр болон хээ угалз бүхий хэлбэр дүрстэй хавтгай мөнгөн дээр шүр шигтгэн чимж нарийн тансаг харагдуулдаг ажээ. Энэхүү боолтыг зүүх үед эрүүн доогуур унжих шүр болон сувдан унжлагуудыг сагалдарга хэмээн нэрлэдэг. Эхнэр дээлийн ханцуй нь торго тууз алаглуулсан эрээн гоёлтой, их биетэйгээ үргэлж, нударгатай, зах нь өндөр, нэг эмжээртэй байдаг. Эхнэр дээлэн дээр давхар өмсдөг хувцасыг ууж гэдэг. Уужны урт дээлийнхээ урттай эн тэнцүү байх ба ханцуйгүй, энгэр тууш задгай, оноо нь бүсэлхийнээс эхлэн ар болон урдаа байна. Уужийг дээл хийх эдээс өөр өнгийн эдээр хийж зах энгэрийг нь өргөн хоргойгоор эмждэг. Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй энэхүү дээл нь хүр хорхойн шүлсээр хийгдсэн, гар оёдолтой дээл юм.

Холбоотой мэдээ