УБХЦГ 20 хоногийн дотор 4529 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-27 17:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар УБХЦГ мэдээлэл өглөө.

Нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 22-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18 мянга 375 мэдээ, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 3079 нэгж буюу 14.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. 3203 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүтгэгдсэн нь 259 нэгж буюу 8.8 хувиар өсчээ. Залилах болон хулгайлах төрлийн гэмт хэрэг буурсан бол дээрэм, бусдын биед гэмтэл учруулах, золгүй байдлаар амь насаа алдах, булаах, танхайрах төрлийн гэмт хэрэг өссөн байна. 21 хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2893 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан 199 хүнийг баривчлуулан, архины албадан эмчилгээнд 3 хүнийг явуулж, захиргааны зөрчил гаргасан 6877 иргэн, 10 аж ахуйн нэгжийг 46 сая 372 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өсчээ. Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2017 оны гуравдугаар сарын 03-23-ны өдөр 4529 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 148, зөрчлийн шинжтэй 1800 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1948 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 7 хүний амь нас хохирч, 183 хүн гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 211 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 148 бүртгэгдсэн нь 29,9 хувийн бууралттай байна. 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1276 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 1068 бүртгэгдсэн нь 16,3 хувиар, мөн өнгөрсөн онд 250 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 110 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь 56,0 хувиар тус тус буурсан үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ