Талийгаач Засаг дарга уул уурхайн компанийн хайгуулын ажлыг эсэргүүцэж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Д.Н амиа хорлосон байдалтай нас барсан байсныг олжээ.
Тэрээр 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж сумын Засаг даргаар сонгогдсон юм. Нас барахаасаа өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Тэс сумын нутагт хайгуул олборлолт хийх уул уурхайн үйл ажиллагааг дэмжихгүй байсан гэнэ. Энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаж шүүхийн шийдвэр уул уурхайн компанийн талд гарч, талийгаач давж заалдахаар ярьж байсан байна. Түүнчлэн сумын иргэд Дооно хайрхан уулыг ухуулахгүй талаар сумын Засаг даргадаа санал хүргүүлж байжээ. Аймгийн Цагдаагийн газраас талийгаачийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Дашрамд Тэс сум нь Улаанбаатар хотоос 1067 км, аймгийн төвөөсөө 337 км зайд орших бөгөөд ОХУ-ын Туватай хил залгаа оршдог.
Б.Мягмарсүрэн