Талийгаачийг ажлаас халсан шалтгаанаа тайлбарлахыг шаардаж жагсав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт гарсан төрийн албан хаагчийн харамсалтай амиа алдсан хэрэгтэй холбогдуулж сумын иргэд өчигдөр буюу гуравдугаар сарын 29-ны өдөр жагсаал хийжээ.
Жагсаалд оролцсон иргэд, "ЗДТГ-т ажлын байрны дарамт шахалт дээд цэгтээ хүрлээ. Намчирхал хэрээс хэтэрлээ" гэх зэрэг бичигт самбаруудыг барин жагсчээ. Жагсагчид хууль хяналтын байгууллага талийгаачийн хэргийг мөрдөн шалгаж үнэн мөнийг олон нийтэд нээлттэй зарлах, сумын удирдлага талийгаачийн ажлаас халагдсан шалтгааныг албан ёсоор мэдээлэхийг шаардсан байна.
Иргэдийн шаардлагыг сумын удирдлагууд хүлээн авч талийгаач Т бүсгүйг ажлаас халсан шалтгаанаа “2015 онд авсан төрийн албан хаагчдын шалгалтаар талийгаач С.Т нь бага оноо авсан. Тиймээс төрийн албан хаагчийн шалгалтын оноогоороо нэгдүгээрт жагссан хүнийг оронд нь ажилд авсан байна” гэж тайлбарласан байна.
Харин ар гэрийнхэн нь, талийгаач 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Ажлаас халагдсанаар сэтгэл санааны дарамтад орсон учраас ийм хэрэг гарлаа. Ер нь аль нэг нам гарахаар намын харьяаллаар хүмүүсийг ажлаас халдаг байдал өнөөдрийн энэ нөхцлийг үүсгэж байна гэв.
Б.Мягмарсүрэн