Сүхбаатар аймагт анх удаа монгол бичгийн нэгдсэн зөвлөлгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2017-03-30 18:19:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн ЗДТГ, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг Хүмүүн бичиг сонин хамтран Монгол бичгийн нэгдсэн зөвлөлгөөн, уулзалтыг Баруун-Урт хотноо зохион байгууллаа. Энэхүү зөвлөлгөөн нь тус аймагт анх удаа зохион байгуулж буй гэдгээрээ онцлог юм.

Зөвлөлгөөнд бүх сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, сургууль цэцэрлэг, соёлын төвийн захирал, эрхлэгч, Монгол хэл бичгийн багш нар, сурагчид гээд 100 төлөөлөл оролцов.

“Аймаг орон нутагтаа үндэсний бичиг үсгээ сурталчлах, түүний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр төр захиргааны зүгээс тусгайлан анхаарч, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэн энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаад бид баяртай байна. Хамгийн гол нь зөвлөлгөөнийг хийснээр хөдөө орон нутгийн иргэдэд маш том хөрөнгө оруулалт болж үлдэх юм. Яагаад гэвэл Улаанбаатар хотод болж буй сургалт зөвлөлгөөнд тэр бүр ийм олон хүн хамруулах боломжгүй байдаг. Тиймээс бид нэг өдрийн хугацаанд монгол хэл бичгийн тухай хууль болон үүнтэй холбогдох бусад мэдээ мэдээллийг өгөх болно. Энэ бол Сүхбаатарчуудад маш их ач тустай зөвлөлгөөн байх болно” хэмээн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б. Элбэгаяа хэллээ.

Харин Монгол Улсын гавъяат багш Ш.Чулуунбор хэлэхдээ “Монгол бичгийн зөвлөлгөөнийг тусгайлан ингэж зохион  байгуулж байгаа нь Монгол бичгийн талаар Сүхбаатар аймаг анхаарч, багш сурагчиддаа шинэ соргог мэдээлэл өгөх гэж зорьж байгаагийн нэг илрэл юм. Сүхбаатар аймгийн Монгол бичгийн багш нар үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд өөрсдийн хэмжээнд амжилттай ажиллаж байгаа гэж би боддог. Гэхдээ монгол бичгийн заах арга сайжруулахын тулд бас анхаарал тавих ёстой. Хүүхдүүдийг сургаж байсан хуучин аргыг өнөө цагт тэр чигээр хэрэглэхэд боломж муутай байгаа. Нөгөө талаар сургалтын материаллаг бааз, орчин нөхцөл их өөрчлөгдсөн. Тиймээс нийгмийн энэ цаг үетэй монгол бичгийн сургалтыг тохируулах нь тун чухал” гэлээ. Түүний хувьд ахмад багш бөгөөд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээхийн тулд өнөө хэр нь зүтгэсээр байгаа гавъяатан юм.

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сүүлийн гурван жилд үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр багагүй ажил хийж ирсэн. Багш сурагчдын ур чадвар ч жилээс жилд дээшилж байгааг албан хүмүүс нээлтийн үеэр онцолж байсан юм. Тодруулбал: 2017 онд Монголын сайхан бичигтэн уралдааны тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн нэгдүгээр БДС-ийн сурагч эзэлсэн, Зүүн бүсийн Монгол бичгийн олимпиадад мөн тус сургуулийн багш сурагчид тэргүүлсэн зэрэг амжилтуудыг дурьдаж болно. Цаашид аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ч монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ард иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхийн тулд тусгайлан анхаарч ажиллана гэдгийг ч мөн хэлж байлаа.

Монгол бичгийн сургалт зөвлөлгөөнд оролцсон багш сурагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, олон талын мэдлэг мэдээллийг хуримтлуулсан сайхан ажил боллоо хэмээн ярьцгааж байлаа.

Т. Одончимэг  

 

 

Холбоотой мэдээ