“Монгол улсын түүх” сурах бичиг шинэчлэгдэн гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2017-03-30 19:52:23

Улаанбаатар МОНЦАМЭ. Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан “Монгол улсын түүх” сурах бичгийг шинэчлэн гаргажээ.

Тус номыг академич Ж.Болдбаатар, доктор П.Дэлгэржаргал Д.Өлзийбаяр тэргүүтэй судалгааны баг хамт олон бүтээсэн юм.

Эх хэл, түүх соёлоо мэдэхгүй хүний өөрийн өссөн ой шугуйд төөрсөн сармагчинтай адилтган хэлэх нь бий. Залуус маань эргээд номд шимтэж, цахимаас бус цаасан хэвлэлээр уншихыг илүүд үздэг болж байгаа нь өнөөгийн нийгмийн байдлаас анзаарагдаж буй нь сайн хэрэг.

Энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай юм. Нэгдүгээрт Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.  Хоёрт үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан. Гуравт эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

Мөн оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулснаа давуу талтай.

Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

Дашрамд өгүүлэхэд номын нээлт ирэх сарын 5-ны өдөр МУИС-ийн нэгдүгээр байрны “Эрдмийн танхим”-д болох бөгөөд нээлтийн хямдралтай худалдаа явагдах юм байна.

Б.Хуяг

Холбоотой мэдээ