Гаран дээр нь ургуулсан чихийг толгойд нь шилжүүлэн суулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-03-31 15:50:21

БЭЭЖИН. /Chinadaily/. Хятадын баруун хойд нутгийн Шаньси мужийн нийслэл Сиань хотын эмч нар өвчтөний гаран дээр ургуулсан чихийг толгойд нь амжилттай шилжүүлэн суулгасан байна.

Өвчтөн Жи нь жил гаруйн өмнө осолд орсны улмаас нүүрнийх нь баруун тал хүндээр гэмтэж баруун чих нь тасарчээ. Тухайн өвчтөнд өөр чих суулгах боломжгүй байсан учраас “Xi'an Jiaotong”  Их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн ерөнхий мэс засалч Гуо Шузонг өвчтөний гаран дээр нь чих ургуулж дараа нь толгойд нь шилжүүлэн суулгах шийдвэр гаргасан байна.

Уг мэс засал 3 үе шаттай явагдсан бөгөөд эхний үед өвчтөний баруун гарын шууны арьсан доор арьс сунгагчийг суулгасан байна. Дараа нь эмч нар өвчтөний хавирганы мөгөөрснөөс авч шинэ чих ургуулахын тулд гарын сунасан арьсан дор байрлуулжээ.

Мягмар гарагт Гуо эмч өөрийн хамтрагчдын хамт гуравдугаар шатны мэс заслыг амжилттай гүйцэтгэж, дурангийн мэс заслын техник ашиглан ургуулсан чихийг өвчтөн Жигийн толгойд шилжүүлэн суулгасан байна. Мэс засал 7 цаг үргэлжилжээ.

Гуо эмч “маш хүнд мэс засал байлаа, учир нь ургуулсан чихийг толгойн яг зөв хэсэгт шилжүүлэн суулгаснаар түүгээр цусны эргэлт хэвийн явагдаж, ингэснээр өвчтөний чих мэс заслын дараа хэвийн ажиллагаатай болох ёстой юм” гэж ярилаа.

Өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Өвчтөн өөрийн шинэ чихээ хэвийн ажиллагаатай болсны дараа буюу ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарах аж.

Гуо эмч болон түүний багийнхан өвчтөний чихийг хүний чихтэй илүү төстэй болгохын тулд 3D технологийг ашигласан бөгөөд тэд жил бүр 500 орчим хүүхдэд зориулж шинэ чих ургуулж байна.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ