Аймгийн аварга шалгаруулах бүх нийтийн гүйлтийн тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, их эмч А.Сүхбаатар агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах бүх нийтийн гүйлтийн тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баруун-Урт хотод зохион байгуулагдана.
Аймаг орон нутагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, иргэдэд гүйлт алхалтын ач холбогдлыг сурталчлах зорилгоор тус тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/, Эрүүл мэндийн газар /ЭМГ/, Парис олимпийн зөвлөл хамтран зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг А.Сүхбаатар агсны үр хүүхдүүд ивээн тэтгэх юм. Тэмцээнд сумд, аж ахуй нэжг байгууллага хамт олон, иргэд гээд хүссэн хүн бүр оролцох боломжтой юм байна.
“Сүхбаатар аймгийн нийт хүн амын дөнгөж 10 хувь нь спортоор хичээллэж байна. Нийт хүн амын 30-40 хувийг биеийн тамирын ажилд татан оруулж байж сая тухайн аймагт нийтийн биеийн тамирын ажил гайгүй явж байна гэж дүгнэдэг. Тиймээс энэ онд аймгийн БТСГ нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Зөвхөн нийтийн биеийн тамирын чиглэлээр гэхэд бүтэн жилийн хугацаанд 80 орчим төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү кросс гүйлтийн тэмцээн бол эдгээр ажлын нэг нь юм...” хэмээн аймгийн БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох хэллээ.
Кросс гүйлтийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван насны ангиллаар явагдана. 15-18 нас 5 км, 19-59 нас 10 км, 30-39 нас 5 км, 40-49 нас 4 км, 50 ба түүнээс дээш нас 2 км гүйх юм байна. Насны ангилал тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулж, тэргүүлсэн нэг сум эсвэл албан байгууллагыг шилжин ямах цомоор шагнана. Энэхүү тэмцээн нь жил бүр зохион байгуулагдах юм байна.
Т. Одончимэг