“Оюутан цэрэг”-ийн онолын хичээлийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-02 00:19:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Засгийн Газрын тогтоолын дагуу Дархан-Уул аймгаас “Оюутан цэрэг”-т хамрагдсан 35 оюутны онолын хичээлийн нээлт “Дархан Өргөө” Политехникийн коллежид болов.

Нээлтэд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр: “Энэ хөтөлбөр улсын хэмжээнд гурван  жил амжилттай хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 2390 оюутан хөтөлбөрт хамрагдсан бол энэ онд 1000 оюутан байхаар Батлан Хамгаалах сайдын тушаал гарч Дархан-Уул аймгаас тус хөтөлбөрт 35 оюутан хамрагдаж байна.

Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулийн 100 оюутан энэ дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сарын нэгэн хүртэл “Дархан Өргөө” сургуульд онолын хичээлийг үзнэ. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт ирэх зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд Орхон аймаг дахь Зэвсэгт Хүчний 186 дугаар ангид явагдах юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж цэргийн алба хаах шинэчлэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой” гэлээ. Уг “Оюутан цэрэг” хөтөлбөр нь оюутан залуусыг эх орноо батлан хамгаалах бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгож төлөвшүүлнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ