“Хүрэл тогоот-2015” залуу эрдэмтдийн чуулган болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗалуу судлаач, эрдэмтдийн “Хүрэл тогоот-2015” техник, технологийн салбарын эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн бага хурал ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхимд болж байна.
Тус хурлыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн юм. Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн зорилго нь салбарын залуу эрдэмтэн, судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар дэмжлэг хүртэх, шинжлэх ухаан технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, мөн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчлан таниулахад оршдог.
Тус хурлыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Б.Чинзориг нээж, ШУТИС-ийн ректор Б.Очирбат оролцогчдод баяр хүргэсэн юм.
Жил бүр 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хуран чуулдаг энэхүү залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хуралд ШУ-ы салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөлөл уригдан оролцдог.
Энэ удаагийн салбар хуралдаанд Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачдаас гадна Франц, ОХУ, БНХАУ, Итали, Энэтхэг, БНСУ-аас докторант болон залуу судлаачид ирж оролцож байна. “Хүрэл тогоот 2015” техник технологийн салбарын хуралд нийт 50 гаруй бүтээл ирүүлснээс салбар холбоо тус бүрээс эхний шатанд шалгарсан 13 илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 2 залуу судлаач тус бүрт БСШУ-ы сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грантыг /батламж/ хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгоно. Залуу судлаачид тус батламж бүхий шагналыг судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлдвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлахад зориулж ашигладаг байна.