“Эрдэнэс Тавантолгой"-н асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн 85.19 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлсэн эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Ч.Баяр нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хандлаа.
Эдийн засагч Л.Наранбаатар ярихдаа, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлага болон компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшигч Засгийн газрын зүгээс нийт 2 их наяд 64 тэрбум 4 сая 864 179 төгрөгийн үнэ бүхий хувьцааг эзэмшиж буй Монгол Улсын хоёр сая 511 332 иргэнийг үнэ төлбөргүй эзэмшиж буй мэтээр тайлбарлаж "Компанийн тухай хууль"-д заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласаар байна. Тиймээс энэ зөрчлийг арилгах, компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хуульд заасан журмын дагуу явуулах, хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж болон иргэдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцуулахыг шаардаж Чингэлтэй дүүргийн шүүхэд бид хандаж байна. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох сонирхолтой “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болон нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгж, компаниудыг хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.
Харин Эдийн засагч Ч.Ганхуяг, “Бидний зүгээс өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д удаа дараа хандан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардсан. Үүний үр дүнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг энэ сарын 28-нд хийхээр боллоо. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж, иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжтой болсон ч, саналын эрхтэй оролцох хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэх боломжгүй хэвээр байгаа учраас бид шүүхэд гомдол гаргалаа" хэмээн ярив.
Б.Заяа