Монгол, Оросын бизнес эрхлэгч залуучууд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-04 13:59:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ сарын 06-нд Улаанбаатар хотноо хоёр орны "Залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган" болно.

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ), Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодая Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбар хамтран зохион байгуулж буй уг чуулганд хоёр улсын 100 гаруй бизнес эрхлэгчид оролцох болжээ.

Монгол, ОХУ-ын гадаад худалдааны эргэлт жил бүр тогтмол буурч байгааг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн онцлов. Тэрбээр, “Хоёр орон 2016 нийт 726 сая ам.долларын худалдаа хийсэн. Энэ нь 2015 оныхоос 24.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Тиймээс Монгол, Оросын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Чуулганд Монголын талаас 60 орчим бизнес эрхлэгч оролцож, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч болон байгаль экологийн чиглэлээр 10 гаруй төсөл танилцуулна” гэлээ.

“Молодая Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, “Чуулганд ОХУ-аас 40 гаруй бизнес эрхлэгчид оролцоно. Энэ үеэр Улаанбаатарт 1-2 давхар орон сууц барих, цахилгаан станцуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг төслүүдээ танилцуулж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ