Монголбанкнаас ипотекийн санхүүжилт зогсоогүйг мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-04 18:26:18

 Монголбанк сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт  зээлийн эргэн төлөлтөөс банкуудад ипотекийн санхүүжилт олгож буйгаа мэдэгдлээ.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам шинэчлэгдэн батлагдсанаас хойш  2476 зээлийн хүсэлтэд 169,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс хөдөө орон нутагт 4.02 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Монголбанкнаас банкуудад хамтран ажиллах гэрээнд нэгдсэний хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангаж ажиллах албан тоот илгээжээ. 

Албан тоотод, “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэжээ. 

 

Холбоотой мэдээ