Монголчууд Хятад, Канадын талд ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
bars@montsame.mn
2017-04-06 17:42:25

УЛААН-ҮД./asiarussia.ru/. Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний цутгалууд дээр “Шүрэн”, “Орхон” усан цахилгаан станц /УЦС/ барих төслийн талаарх олон нийтийн сонсгол Буриадад болж өнгөрлөө. Уг сонсголыг Оросын ГХЯ-ны даалгавраар ОХУ-ын Байгаль орчны яамтай зөвшилцөн явуулжээ.

3 дугаар сарын 31-нд Буриад улсад болсон зөвлөгөөний үеэр Монгол Улс гидротехникийн байгууламж барих талаар дэмжлэг аваагүй нь тодорхой болсон юм. Станцыг барихаар төлөвлөж буй “МИНИС” төслийн баг 3 дугаар сарын 20-ноос тус бүгд найрамдах улсын район болон Улаан-Үдэд 10 удаа зөвлөгөөн хийсэн байна. Энэ хугацаанд Монголын эрчим хүчний мэргэжилтнүүд, Байгаль орчны яамны албан тушаалтнууд, элчин сайд нар бүрэлдэхүүнд нь багтсан, “МИНИС”-ийн зохицуулагч Ариунчимэгээр ахлуулсан төлөөлөгчдийн хувьд “УЦС нь байгаль орчин, эдийн засагт хамгийн бага сөрөг нөлөөг үзүүлнэ” гэдгийг Оросын талд итгүүлж үнэмшүүлж чадаагүй юм.

Булавч бултайна

3 дугаар сарын 21-нд Улаан-Үдэд болсон сонсголын үеэр  Буриадын экологичид Монголын УЦС-ын техникийн үзүүлэлтийн танилцуулга илтгэл тааруухан бэлтгэгдсэн, зөвлөгөөнийг зохион байгуулагчдын зүгээс орон нутгийн оршин суугчдад өгч буй мэдээллүүд нь дутуу гэж мэдэгджээ. “Хил хязгааргүй голууд” Олон улсын экологийн эвслийн Оросын талын зохицуулагч Александр Колотов уг арга хэмжээний талаар экологичдын нийтлэг байр суурийг илэрхийлжээ.

“УЦС-ын техникийн үзүүлэлтүүд, нөлөөллийн судалгааг бидэнд үзүүлэхийн оронд төслийн реклам, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд хийсэн урьдчилсан судалгаагаа бидэнд харуулж байна. Энэ нь огт байж болшгүй зүйл гэж бид үзэж байгаа. Мөн хурлын тогтоосон дэг нь Монголын байр сууринаас өөр байр суурьтай байгаа шинжээчдийн бодлыг хязгаарлаж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Танилцуулга дээр Монголын эдийн засгийн хөгжлийг сааруулах хүчин зүйл бол эрчим хүчний хомсдол гэж үзсэн хэдий ч Орост хөнөөлтэй объект нь Канад, Хятад улсуудад ашигтай болох талаар огт дурдаагүй юм. Учир нь, усыг Монголын зүүн өмнөд хэсэг рүү татан салаалах нь Оюутолгой, Тавантолгойн ордыг усаар хангах зорилготой. Оюутолгойд Канадын “Айвенхоу Майнз” корпораци ажилладаг бол нүүрсийг  Хятад руу гаргадаг байна. Мөн Бээжин, Тянжиний элсэн шуургыг зогсоохын тулд говьд мод суулган үржүүлэх нь Хятадын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Иймэрхүү орхигдуулсан мэдээллийг олон нийтийн байгууллагууд Буриадын оршин суугчдад хүргэсэн ба экологичид сонсголд идэвхтэй оролцохыг орон нутгийн оршин суугчдад уриалж байв. Үүний дүнд зөвлөгөөнд 1,3 мянган хүн оролцжээ.

Буриадын Байгалийн нөөц баялгийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Юрий Сафьянов  хэлэхдээ “УЦС барина гэдэг нь нарийн төвөгтэй асуудал юм, учир нь Буриад улс усны хомсдолд ороод 22 жил болж байгаа" гэдгийг онцлон тэмдэглэжээ. УЦС ажилласнаар усны хомсдол улам нэмэгдэж, Байгал нуурын бохирдол, усны түвшинд гарцаагүй нөлөөлнө. Түүнчлэн худаг, цооног хатах, занар шатах, гол нуур цөөрмийн температурын горим алдагдсанаар загасны түрс үхэх зэрэг олон олон сөрөг зүйлүүдийг дагуулах юм.

Буруутнууд нь олдов

Монголын тал Буриадын Засгийн газарт сонсгол зохион байгуулахад тусалсанд талархлаа илэрхийлсэн боловч зөвлөгөөний үр дүнд урам хугарч байгаагаа нуусангүй. Монголын цахилгаан станцын мэргэжилтэн, доктор Ж.Ёндонгомбо хэлэхдээ, түүний хамтрагчид баригдах гэж буй УЦС-ын техникийн үзүүлэлтийн талаарх бүрэн мэдээллийг өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

“Сонсголын явцад орон нутгийн оршин суугчдад Байгал нуурын усны түвшин буурч байгаа талаарх мэдээлэл хангалттай биш байгаа нь харагдсан. Мөн байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээтэй хүмүүс танилцаагүй байна. Мэргэжлийн бус экологийн байгууллагуудын хийсэн худал, эргэлзээтэй төсөөллийг хүмүүст өгсөн байсан” гэж тэрбээр тэмдэглэн хэлжээ.

Байгал нуурыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх сангийн төлөөлөгч Баир Цыренов талуудыг ухаан гаргаж, тус зөвлөгөөнийг санал зөрөлдөөнөөр бус эвлэрлээр дуусгахыг уриалсан юм. Тэрбээр уг төслийн эдийн засгийн тал дээр анхаарлаа хандуулахыг хүслээ.

“Өнөөдөр Монгол Улс өрийн хэмжээгээрээ нэгдүгээрт явж байгаа, гэтэл усны эрчим хүчний төслүүд нь санхүүгийн хувьд их хүнд асуудал байдаг. Дэлхийн банк мөнгөө зүгээр өгөхгүй. Байдлыг даамжруулах эсэх нь та нарын мэдэх асуудал. Гэхдээ Буриадад ч бас эдийн засгийн байдал муудахыг үгүйсгэх аргагүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.

Одоо холбогдох бүх талууд болон жирийн иргэдийн хувьд «МИНИС» төслийн талаарх өөрсдийн асуулт, мэдэгдэл, санал хүсэлтээ  ирүүлэхэд дахиад нэг сарын хугацаа үлдээд байна. /2017.04.04/

http://asiarussia.ru/news/15761/

 О.Барс

Холбоотой мэдээ