ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих мэдээлэл гарснаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-07 16:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийв.

Монгол Улс 12 олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагын гишүүнээр ажиллаж байгаа аж. Гишүүнээр ажилласнаар олон улсын байгууллагуудаас эдийн засгийн тусламж авах боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, 1991 оноос ОУВС-тай хамтран зах зээлийн эдийн засгийн оновчтой байдлыг бий болгох чиглэлээр таван удаагийн хөтөлбөр хэрэгжүүлснийг Ерөнхий сайд дурьдав.

Тэрбээр, “Одоо ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх мэдээлэл гарснаас хойш гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэж байна.

1991-2016 он хүртэлх хугацаанд Дэлхийн банктай 136 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, 837 сая ам.долларын санхүүжилт авсан байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны гишүүнээр элссэнээс хойш 230 орчим төсөлд 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт авсан. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн болсноор нийт 1.4 тэрбум ам.долларын урт хугацааны эх үүсвэр олгосноос гадна Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч болсон. 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсон. Одоогоор тус банкны дүрмийн сангийн 0.049 хувийг эзэмшиж байгаа. Удахгүй 50 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай авахаар ярилцаж байна.

Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монгол Улсын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх зэрэг эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар олон улсад нэр хүнд бүхий таван гадаадын банк Монголбанкны зөвшөөрөлтэй Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм. Цаашид Төлөөлөгчийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хөгжлийн хамтын ажиллагааг хувийн хэвшил рүү түлхүү чиглүүлэн өргөжүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээв.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Саяхан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг дарлаа. Ингэхдээ 8 хувийн хүүтэй бонд гаргасан. Бондын төлбөрөөс шалтгаалан төсөвт хэр их ачаалал ирэх вэ” хэмээн тодруулав. Ерөнхий сайд, “Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг бонд гаргаж дарсан. Бид төсвөөс мөнгө гаргасан бол валютын ханш өсөхөөс эхлээд олон асуудал үүсэх байсан тул бонд гаргасан юм. 580 сая ам.долларын өрийг 5 хувийн хүүтэй авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Харин одоо нөхцөл байдал хүнд байгаа тул бондыг Хуралдай бондыг 8 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс дахин 3.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн. Энэ бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагийн илрэл юм” гэлээ.

ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр хийх үед хүндрэл гарсан эсэхийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодруулав. Тэрбээр ОУВС аливаа улсад хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өөрсдийнхөө шаардлагыг шууд тулгадаг гэсэн ойлголт нийгэмд байгааг дурьдсан юм.

ОУВС аль нэг улсад хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шаардлагаа шууд тулгадаггүй гэдгийг Ерөнхий сайд хэлээд, “Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр хөтөлбөр хэрэгжүүлэх болж, төсвийн тодотголыг боловсруулсан” гэв.

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл Монголд тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газар ямар ажил хийхээр төлөвлөж байгааг З.Нарантуяа гишүүн тодруулав. Ерөнхий сайд, “Хөтөлбөрийн хүрээнд БНСУ, БНТУ зэрэг улсаас тусламж орж ирнэ. Тиймээс хөрөнгө оруулагч орнуудаас Монголд ямар төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгааг нь судалж, харилцан тохиролцсоны эцэст шийдвэр гаргах юм” гэсэн хариулт өглөө.

Мөн  Б.Пүрэвдорж гишүүн, “Өнгөрсөн намрын чуулганаар хэд хэдэн Элчин сайдын яамыг татан буулгах асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор яригдсан. Элчин сайдын яамдыг татан буулгаснаар Монгол Улсын гадаад бодлого алдагдах юм биш үү” гэлээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, “Засгийн газар гадаадад байгаа 46 Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газраас дөрвийг нь татан буулгах санал гаргасныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн. Энэ талаар Элчин сайдын яамд байрлаж буй улс орнуудад мэдээлэл хүргүүлсэн. Тухайн орнууд ч нааштайгаар хүлээн авсан” гэсэн хариулт өглөө.

Ийнхүү Ерөнхий сайдын мэдээлэл дуусч, чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг эхэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ