НҮБ-ын тусламжийг зудтай сумдын малчин өрхүүдэд гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ НҮБ-ын ХХААБайгууллагаас цаг уурын давшгүй хүндрэлийн улмаас амьжиргаа нь эрсдэлд орсон малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.Энэхүү тусламжийг Увс аймгийн Улаангом сумын 71 өрх, Тэс сумын 106 өрх, Зүүнхангай сумын 57 өрх, Түргэн сумын 31 өрх, Хяргас сумын 27 өрх болон аймгийн Цөм сүргийн аж ахуйн нэгж хүртжээ. Мерси Кор Монгол ОУБ-ын Увс аймгийн зохицуулагч Я.Отгон тэргүүтэй ажлын хэсэг сумдын Засаг даргын Тамгын газартай хамтарч НҮБ-ын ХХААБайгууллагын тусламжийг зудтай сумдын малчин өрхүүдэд гардуулсан байна. Дээрх таван сумын 293 өрхөд олгосон тусламжид малын тэжээл, хорголжин тэжээл, “Зуд давсан зузаан туршлага” ном, цаг агаарын мэдээг мессежээр хүлээн авах зааварчилга зэрэг багтжээ. Харин малчин өрхөд өгч байгаа малын эрүүл мэндийн анхны тусламжийн багцад малын сүү орлох тэжээл 3 кг, загасны тос 1 л, эрдэс амин дэмийн нэмэгдэл, амин тун 1 кг, шархны тос 2 ширхэг, малын нүдний түрхлэг 2 ширхэг, хачиг, шалзны эсрэг дусаалга 0.5 л багтсан нь малчдад чухал хэрэгтэй зүйл болсон байна.
Ийнхүү НҮБ-ын ХХААБайгууллагын тусламжийн багцыг улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 36 сумын 3500 малчин өрхийн амьжиргааг хамгаалах зорилгоор түгээсэн байна. Энэхүү тусламжийг зорилтот малчдад түгээх ажлыг Мерси Кор Монгол ОУБ хариуцан, Увс аймгийн Онцгой байдлын газар, Түргэн, Хяргас, Тэс, Улаангом, Зүүнхангай сумын ЗДТГ, багийн Засаг дарга нар, сумдын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн тасаг хамтран хэрэгжүүлжээ.
Б.Батхүү