Норвегийн нийслэлд тэсрэх бөмбөг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-10 12:34:06

ОСЛО. /BBC/. Норвегийн нийслэл Осло хотын төвд гар хийцийн тэсрэх бөмбөг илрүүлсэнтэй холбогдуулан тус улсын тагнуулын алба аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна.

Бямба гарагт цагдаа нар Осло хотын Gronland дүүрэг орчмын газрыг хааж, тэсрэх бөмбөг илрүүлэгчийн тусламжтайгаар дэлбэрэлт болохоос сэргийлж чадсан байна.

Уг хэрэгт холбогдуулан ОХУ-ын иргэн 17 настай хүүг баривчилжээ.

Түүний өмгөөлөгч хэлэхдээ "хүү зүгээр л дүрсгүйтэж байсан, гэм буруугүй хүнийг баривчиллаа" гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Харин "Ройтерс" агентлагийн мэдээлснээр, хүү 2010 онд Норвегид ирээд орогнол хүсч байжээ.

Цагдаагийн албаны дарга Бенедикт Бьорнланд хэлэхдээ "17 настай хүү террорист халдлага үйлдэхийг завдсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ хүү Франц, Герман, Их Британид болсон халдлагуудыг дууриах гэж оролдсон байж ч магадгүй юм" гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, аюулгүй байдлыг чангатгасан арга хэмжээ 2 сарын турш үргэлжлэх ажээ.

Цагдаа нарын ярьснаар, Gronland-ад байрлуулаад байсан тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн бол багахан газрыг хамрах байжээ.

Баасан гарагт Шведэд болсон халдлагын дараа болзошгүй аюулаас сэргийлэн цагдаа нар бэлэн байдалд ороод байсан аж. Стокгольм хотын худалдааны төв рүү ачааны автомашин дайран орсны улмаас 4 хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртсэн билээ. Энэ халдлага нь 2011 онд Норвеги улсад хэт давруу үзэлт Андерс Бревик гэгч этгээд 77 хүний амь насыг хороосон аймшигт хэргээс хойш гарсан анхны халдлага юм.

Х.Сарнай 

 

 

 

 

Холбоотой мэдээ