С.Баясгалан: Хөрөнгө оруулалтын ихэнхийг бүтээн байгуулалтад зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-11 23:51:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт “2017 оны бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын ажил”-ын нээлт болов. Уг нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалантай ярилцлаа.

-Энэ онд танай аймаг хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар ямар ямар төсөл хэрэгжүүлэх вэ?

-Манай аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 194.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 4.9 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд өнөөдөр нээлтээ хийж байна.

-Боловсролын салбарт багагүй хөрөнгө зарцуулах тухай нээлтийн үеэр мэдээлж байсан. Ялангуяа цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд их анхаарсан байсан энэ тухайд?

- “2016-2017 оны хичээлийн жилд Дархан сумын Тавдугаар багт 25 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд хамрагдах боломжтой болсон. Шарын гол сумын Хоёрдугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээр хоёр анги нээх боломжтой болно. Хонгор сумын 14 дүгээр сургуульд 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандарт ширээ сандалтай болгоход хоёр ангийг хамруулна. Дархан сумын “Од” цогцолбор сургуулийн барилгын дээвэр засварын ажлыг 100 сая, 18 дугаар сургуулийн барилгын дулааны узелийн ялтсан дулаан солилцуурыг 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэхээр төлөвлөсөн. Мөн Япон улсын “Өвсний үндэс” төслөөр  Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлыг 160 сая төгрөгөөр, “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн хичээлийн байрны дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг 180.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн.

-Хөрөнгө оруулалтын ихэнхийг нь хотын бүтээн байгуулалтад зориулна гэж байсан. Хорооллын тохижилт, зам талбайг тохижуулна гэлээ чухам хаана хаана ямар ажил хийгдэх вэ?

-Хотын бүтээн байгуулалт тохижилтын чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Үүнд: “Жишиг хороолол-5” төслийг Дархан сумын тавдугаар багт орон сууцны 20 дугаар хорооллын 4, 7 дугаар байрны гадна сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилтын ажил болон авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн. Аймгийн Эрүүл Мэндийн газрын байрнаас нийтийн орон сууцны хоёрдугаар хорооллын 60 айлын байр хүртлэх явган зам, ногоон байгууламжийн ажилд нийт 51 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хийнэ. Мөн “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын Нэгдүгээр багт 340 метр авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 149.1 сая төгрөгөөр, мөн сумын Гуравдугаар багт 2.7 км сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил болох 900 метр авто замыг хатуу хучилттай болгоход ажилд 482.6 сая төгрөг, Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн дундах 3.2 км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох нэг км авто замыг хатуу хучилттай болгоход 600 сая төгрөг, Дархан сумын 25 дугаар хорооллын доторх авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 500 метр авто замын ажлыг 200 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ.

-Хорооллын доторх зам талбайн тохижилтын ажил “Тохилог хороолол” төслөөр хийгдэх байна Харин хотын зах руугаа хотоос алслагдсан гэр хорооллын замуудыг засч сайжруулах ажилд хөрөнгө хуваарилагдсан уу? Энэ онд эдгээрт ямар нэгэн ажил хийгдэх үү?

-Хийлгүй яахав. Тухайлбал: “Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс Хараа голын төмөр бетон гүүр хүртэлх 1.4 км авто замын шинэчлэлтийн ажлыг 787.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бол энэ ажлыг дараа сарын 30-нд  ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. “Шинэ-Хуучин Дархан”-ыг холбосон 8.0 км авто замын эхний хэсэг болох 2.48 км, 7 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай, зорчих хэсэг бүхий гэрлэн дохио, явган замын гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто зам өнгөрсөн онд байнгын ашиглалтад орсон бол энэ онд тус авто замын дагуух ногоон байгууламж, явган зам бусад тохижилтын ажлуудыг хийнэ. Уг авто замыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 88 тоот тогтоолоор “Барилагчдын нэрэмжит өргөн чөлөө” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн. Мөн олон жил яригдаж дутуу хийгдсэн Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 47.9 км авто зам, энэ чиглэлийн 24.7 у/м төмөр бетон гүүр , Хараа голын 135 у/м төмөр бетон гүүрийн засвар, Дархан сумын 11, 12, 13 дугаар хорооллын авто замыг, зурагтын толгой давуулж холбох найман км авто зам, Хонгор сумаас Салхит баг хүртлэх 13.1 км авто зам, 15 дугаар багийн Мангирт хороолол доторх 2.1 км авто зам, Дархан сумын 1, 2 дугаар багийн дагуух “Зургаагийн буудал”-аас “Үерийн далан” хүртэлх 3.4 км авто зам, Дархан сумын 6, 7, 8, 13 дугаар багийн авто замжждыг нийт 54.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл арга хэмжээг “Азийн хөгжлийн банк”-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр зураг төсвийг хүргүүлээд байна.

-Дархан хотыг “Гэрэлтэй хот” гэдэг. Үнэхээр ч шөнө орж ирэхэд төв замууд гэрэлтэй сайхан харагддаг. Гэвч хотын зах руугаа зарим хэсэгт харанхуй байдаг. Захын гэр хорооллын замууд гэрэлтүүлэгтэй болох уу?

-Энэ онд Дархан хотыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгоно. Дархан сумын Хоёрдугаар багт сайруулсан шороон зам дагуу 480 метр газарт 12 ш лэд гэрэлтүүлэг, шинэ дарханы “Эрдэнэс плаза”-гаас “Альфа хотхон” хүртэлх 180 м газарт зургаан ширхэг лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 17.9 сая төгрөгөөр, “Мобикомын уулзвар”-аас “Онгоцны буудал” хүртлэх авто зам дагуух гэрэлтүүлгийн толгойг сүүлийн үеийн лэд гэрэлтүүлгээр солих ажлыг 29.9 сая төгрөгөөр, Дархан сумын 15 дугаар багт дөрвөн хэсэг газарт 120 ш лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 134.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Австри-Монгол улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээс Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын төвүүдийн алслагдсан гэр хорооллын гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгоно. Түүнчлэн  аймаг, сум орон нутгийн өнгө үзэмж сайжруулах ажлын хүрээнд нэг сая еврогийн төсөл боловсруулж холбогдох бичиг баримтыг Сангийн яаманд хүргүүлсэн энэ төсөл хэрэгжвэл нийт 1869 ш гэрэлтүүлэг 153 ш камер шинээр суурилуулах боломж бүрдэнэ.

-Та түрүүн ярианыхаа эхэнд энэ онд нийт зуу гаруй төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ гэж ярьсан. Тэдгээрийн заримаас нь онцолж хэлмээр ямар төсөл хөтөлбөр байна вэ?

-Болж өгвөл бүгдийг нь яримаар л байна. Гэвч заримаас нь хэлье. “Миний гэр-Манай байр” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын “Өргөө”, 4, 9, 10, 12, 14, 16 дугаар багийн нийтийн орон сууцны орцны 65 ш хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30 ш кодтой, дулаалгатай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Дархан сумын 11 дүгээр багийн есдүгээр байрны дээвэр засвар, 10 дугаар байрны инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 42.0 сая төгөргөөр, зарим орон сууцны дээвэр засварын ажлыг 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ. Мөн Дархан сумын 13, 14, 16-р багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерийн системд шилжүүлэх ажлыг 40 сая төгрөгөөр, Дархан сумын хэсгийн байцаагчид зөөврийн компьютор, энгэрийн камер, радио станц, дөрөвдүгээр багт “Цагдаагийн пост” шинээр нээхэд 27.0 сая төгрөг зарцуулна.

-Аймгийн Засаг дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ энэ онд хүүхэд залуучуудад зориулсан хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байсан. Мөн тэдний чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжоор хангана гэсэн. Энэ зорилтыг яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ?

-2016-2017 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтарч 50, 50 хувийн буюу 804.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын тавдугаар багт “Хүүхэд хөгжлийн ордон”-ы барилгын ажлыг энэ сарын 20-нд бүрэн дуусгах төлөвөлгөөтэй ажиллаж байна. Уг ордон бүрэн ашиглалтад орсоноор Дархан сумын хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм. Мөн “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр: Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар “Бид олимпийн эзэд” төслийг 2016, 2017 онд хэрэгжүүлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 57.2 сая төгрөг, “Авьяас” хөтөлбөрөөр 2013-2016 онд нийт 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хийснээр Дархан сумын “Энэрэл” цогцолбор сургуулиас 2017 онд Австри улсад зохиогдсон  “Өвлийн пара олимп”-оос Дарханы анхны олимпын аварга төрлөө.

-Дархан хотыг эко ногоон хот болгох чиглэлээр хэд хэдэн төсөл батлагдсан байсан. Тэдгээрийн заримаас нь та алийг нь онцолж дурдах вэ?

-Дархан хотын тохижилот үйлчилгээ эрхэлдэг аймгийн НААҮГ-ын “Мод  үржүүлгийн талбай”-д өвлийн хүлэмж шинээр барих ажлыг 75.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Мөн Багийн хөгжлийг дэмжих үүндээс  Дархан сумын 6, 7 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд  “Багийн төв”, “Цагдаагийн хэсэг”, Өрхийн эмнэлэгийг нэг дор болгохын тулд Дархан сумын зургадугаар багт 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барих, долдугаар багт төрийн үйлчилгээ явуулах байр худалдан авахад 160.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн харьяа “Сэтгэц наркологийн төв”-ийн барилгын дээвэр засварын ажлыг 54.0 сая төгрөгөөр гүйцэтгэнэ. Эцэст нь хэлэхэд “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ онд нийт 300.0 сая төгрөгийг хувиарилж эдгээр дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдаж төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах журамыг иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон төрийн бус байгууллагаас төсөл хүлээж авах ажил хийгдэж байна.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ