Ухаалаг худагтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2017-04-12 19:33:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аж ахуй нэгж, иргэдийг ус дулаанаар хангадаг орон нутгийн өмчит “Чандмань-Илч” компани ухаалаг худгийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Усыг гэр хорооллын айл өрхүүдэд илүү хүртээмжтэй байдлаар түгээх, хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна  усыг хэмнэх, төсөв санхүүг ч хэмнэх зорилгоор дээрх ажлыг санаачлан зохион байгуулж буй.

Эхний удаа  Сайншанд сумын гуравдугаар багт буй хоёр худгийг камержуулж, түгээх насосыг хүний гараар бус  автомат горимд оруулснаар иргэд 24 цагийн турш худгаас ус авах  боломж бүрдэх аж.

Худгийг ухаалаг болгоход дунджаар  найман сая төгрөгийн зардал гардаг  байна. Иргэд усны карт худалдан авч  мөнгөөр цэнэглэж ухаалаг худгийн хананд байрлах автомат төхөөрөмжид ойртуулахад л картыг  уншиж, ус гоожих боломжтой.

 Энэ ажлыг ирэх тавдугаар сарын 01-н гэхэд дуусгаж ашиглалтад оруулна. Ухаалаг худагтай болсноор хүний оролцоо 100 хувь багасаж төсөв хөрөнгө хэмнэх боломжтой гэнэ. 

Дашрамд дурдахад 2016 оны 10 дугаар сард тус аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас сумынхаа төвийн нэг худгийг бүрэн автоматжуулж, ухаалаг болгож байжээ.

 Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ