Сагил сумын малчид хүмүүнлэгийн тусламж хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 15:19:41
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Сагил сумын 30 малчин өрх энэ сарын 13-ны өдөр эрүүл мэндийн анхан шатны тусламжийн багц /24-н нэр төрлийн/, малын хүчит тэжээл, загасны тос зэрэг нэг бүр нь 100 мянган төгрөгний үнэ бүхий тусламжийн зүйлийг гардаж авлаа.

Сар шинийн өмнөхөн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Увс аймгийн зудын байдалтай байгаа сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм. Тусламжид Сагил, Давст, Зүүнхангай, Түргэн, Улаангом, Тэс, Тариалан, Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Цагаанхайрхан, Өндөрхангай, Хяргас, Малчин сумдын 422 өрх хамрагджээ.
Тэгвэл энэ сарын 13-ны өдөр хоёрдугаар ээлжийн тусламжийг ийнхүү Сагилын малчид хүлээн авчээ. Энэхүү тусламжийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн дарга Э.Насанбат тус сумын удирдлагуудын хамт малчдад гардуулжээ. Үүнээс гадна Сагил сумын Боршоо багийн уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн суугуул, өндөр настан Р.Үржгээ гуай нутгийн малчиддаа зориулан тусламжийн зүйлс илгээснийг мөн хүлээлгэн өгсөн байна. 
Б.Батхүү
 
Холбоотой мэдээ