Шинэ цэцэрлэгийн шав тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АНУ-ын 100 хувийн санхүүжилтээр шинэ цэцэрлэг барихаар болсон. Тэгвэл барилгын ажлын гүйцэтгэгч компани шалгарч энэ сарын 17-ноос ажлаа эхлэхээр шаваа тавилаа. Гүйцэтгэгч “Монкон” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар гэрээлжээ.
Замын-Үүд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэд сумаас баруун тийш газар эзэмшиж, суурьшлын бүсийг тэлж байгаа тул алслагдсан энэ багт сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага бий болсон байна. Цэцэрлэг барьснаар гурвадугаар багийн харьяалалтай 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой аж.
Мөн сумын хэмжээнд цэцэрлэгийн асуудлыг 100 хувь шийдэх боломтой гэж албаныхан мэдээлэв. Цэцэрлэгийн барилгыг цахилгааны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник технологи, инженерийн шийдлийг шингээсэн сайн чанарын материалаар барина.
Х.Эрдэнэбулган