"Галзуу хурд-8" дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-18 12:42:34
ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. “Галзуу хурд”-ын наймдугаар анги болох "The Fate of the Furious" нь кино ертөнцийн түүхэнд нээлтээ хийсэн эхний хоёр өдрөө /өнгөрсөн амралтын өдрүүдэд/ хамгийн ашиг орлого олсон кино боллоо.

“Галзуу хурд-8”  киног бүтээсэн “Universal Pictures” кино студийн мэдэгдсэнээр, уг кино нь дэлхий даяар нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдэд 532 сая долларын орлого олсон байна.

Ингэснээр уг кино 2015 онд нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд 529 сая долларын ашиг олсноор дэлхийн дээд амжилт тогтоож байсан Диснейн бүтээл болох “Оддын дайн-7” буюу “Хүч сэргэсэн нь”-ийг ардаа орхилоо.

“Галзуу хурд-8” нь Хойд Америк болон олон улсын 63 зах зээл, тэдгээрийн дотор Хятад, Их Британи болон Мексикт нээлтээ хийжээ.

Уг киног африк гаралтай америк найруулагч Ф.Гэри Грей найруулсан бөгөөд гол дүрд нь Вин Дизель тоглосон юм. Африк гаралтай америк найруулагчийн бүтээл нээлтийн өдрүүддээ ийм их ашиг орлого олсон анхны тохиолдол нь энэ гэж “Universal Pictures” студи мэдэгдэв.

“Галзуу хурд” франчайзын  9 болон 10 дугаар ангийг 2019 болон 2021 онд дэлгэцэнд гаргах ажээ.
Г.Доржханд
 

 

Холбоотой мэдээ