"Хамтын хүч-хөгжлийн гарц" төв сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-18 21:17:21

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн “Хамтын хүч-хөгжлийн гарц” төв байгуулагдаад сар хүрэхгүй хугацаанд таван сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Төвийн байран дээр эмэгтэйчүүдийн гараар урласан эсгий болон зөөлөн оёмол, хүнсний болон модон зэрэг 80 шахам төрлийн бүтээгдэхүүнийг байнга борлуулж байна. 
Мөн ажилгүй 30 иргэнд эсгийгээр бүтээгдэхүүн хийх 14 хоногийн сургалтыг хийж амжилттай төгсгөн анхны бүтээгдэхүүнээ төвөөрөө дамжуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Үзэсгэлэн худалдаанд хонины болон тэмээний ноосыг гараар, машинаар сэмлэн боловсруулж 36 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ. Үзэсгэлэн худалдаа долоо хоног үргэлжлэх бөгөөд эсгийгээр ороолт, бойтог, олбог, зээгт наамал, усан хээгээр чимэглэсэн олбог дэвсгэр, алаг мэлхийн суурь, ширмэл ширдэг, малгай, хантааз гэхчлэн эсгийгээр гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлийг хүртэл урлажээ.
Дашрамд энэ төв нь аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ борлуулалтанд дэмжлэг үзүүлэх, нутгийнхаа хөгжилд хамтын хувь нэмрээ оруулах зорилготой. Нутгийн баялаг бүтээгчдийн гараа гаргаж, сэтгэлээ шингээн урласан бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг ийнхүү бүрдүүлжээ. Түүнчлэн сургалт, санхүүгийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар, санхүүгийн тайлан гаргах гээд олон талын цогц дэмжлэг үзүүлж байгаа ажээ.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ