Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-19 18:20:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Засгийн газрын хуралдаанд Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
 
Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ. 
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.
 
Зээлийн хэлэлцээрүүдийг дэмжив
 
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.
 
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.
 
Эхний хөтөлбөрийг 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, макро эдийн засгийн хүндрэл, хуримтлагдсан өр, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулах шаардлагатай болсон. Энэ үүднээс Засгийн газар Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэгтэй хамтран ажиллаж байна.
 
Энэ удаа Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлээр бодлогын 19 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. 
Холбоотой мэдээ