Зөвлөлдөх санал асуулгын судалгаанд 40 иргэн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-20 10:50:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх зөвлөлдөх санал асуулгын судалгаанд Хэнтий аймгаас  Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан, Баян-Адрага сумын Адрага, Бор-Өндөр сумын Төвийн, Хэрлэн сумын Сариг багуудаас нийт 40 иргэн хамрагдах байв. "Энэ сарын 17-ны байдлаар хамрагдах ёстой 40 иргэнийг 100 хувь хамруулсан хэмээн" Хэнтий аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Уг судалгааны мэдээлэл цуглуулалтыг тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга, судалгааны багийн ахлагч Т.Өлзийсүрэн, судлаач Г.Ангараг, Э.Нандинтуяа нар хариуцан ажилласан байна.

Мөн санал, асуулгыг үнэн зөв бодитой авах үүднээс Хэнтий аймагт 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн УИХ-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөх Ө.Мөнхтунгалаг, ҮСХ-ны үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын шинжээч Б.Уранчимэг, ҮСХ-ны үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг нар судалгааны ажилд хяналт тавьж ажиллав. “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн дуу хоолойг хүргэх, тэдний төлөөллийн санаа бодлыг тусгах зорилготой зөвлөлдөх санал асуулгад иргэд идэвхтэй оролцож байна” хэмээн тэд ярьж байлаа.

Улсын Их хурал “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэлэлцэж баталсан. Хуулинд зөвлөлдөх санал асуулгаар судалгаа авах ажлыг статистикийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасан байна. Энэ дагуу зөвлөлдөх санал асуулгын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 21 аймаг 9 дүүрэгт 4 дүгээр сарын 13-ны өдрөөс нэгэн зэрэг эхлүүлсэн. Судалгаанд улсын хэмжээнд 1570 өрх хамрагдах бөгөөд 720-ийг нийслэлээс, үлдсэнийг нь хөдөө орон нутгийн өрхүүдээс авахаар төлөвлөгджээ.
Санал асуулгад хамрагдаж буй 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон аж. Тодруулбал, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс олон өрх түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэсэн байна.
 
Дээрх 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж, Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгох юм байна. Тэдгээр иргэд энэ сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэгт оролцож, тодорхой мэдээлэлтэй болсны дараа дахин судалгаанд хамрагдах юм.

Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ