Б.Лхагважав: Гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувь нь уул уурхайн салбарт ордог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-20 12:49:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг таван салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр Уул уурхайн салбар хуралдаанаар эхэллээ.

Монгол Улсад 1990 оноос хойш гадаадын 112 орны 13 мянга гаруй  аж ахуйн нэгж, 16 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хурлын нээлтийн үеэр онцлов.



Тэрбээр, “2005 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтын 72.5 хувь нь уул уурхай, геологи, газрын тосны салбарт, 17.8 хувь нь худалдаа нийтийн хоолны салбарт орсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зөвхөн ашигт малтмал, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамаарсан эдийн засгийн бүтэцтэй байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн гол тулгуур нь үйлдвэржилт байдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улсын өрсөлдөх чадвар 138 орноос 102-т бичигдэж байна. Тиймээс бид хэрэглэгч бус үйлдвэрлэгч болж, хөдөө аж ахуй, аялал жуучлалыг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай” гэлээ.



Монгол Улсын ДНБ-ий 20 хувь, экспортын 80 хувийг уул уурхайн салбар эзэлдэг гэдгийг Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг дурьдлаа. Мөн тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт өрнүүлж буй бүхий л үйл ажиллагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод нийцэх ёстой хэмээгээд, “Энэхүү зорилтод уул уурхай гэсэн тусгай заалт байхгүй ч ядуурлыг бууруулах, шинэ технологи нутагшуулах, байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс бид аливаа тоног төхөөрөмж оруулж ирэхдээ байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг нарийн судалж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд оролцогчид ч бүтээгдэхүүн үйлчилгээгээ нарийн судалгаа, тооцоололтой танилцуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн үеэр Австрийн “Andritz Separatsion”, ХБНГУ-ын “Allmineral” компани сүүлийн үеийн дэвшилтэт технологиудаа танилцуулав. Тухайлбал АНУ, Колумб, Испани, Украйн зэрг 40 гаруй улсад салбартай “Andritz Separatsion” компани хуурай аргаар нүүрс баяжуулах технологио танилцууллаа. Усны нөөц багатай улсад ашиглахад тохиромжтой энэхүү төхөөрөмжийг Монголын говь нутагт ашиглахад тохиромжтой юм. Нүүрс олборлогч жижиг компанид төхөөрөмжийг ашигласнаар жилд 3 сая мерт куб ус хэмнэхээс гадна ажлын цагийн үр ашгийг 1000 цагаар нэмэх боломжтой аж. Байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх уг төхөөрөмж нь “Andritz Separatsion”-оос санал болгож буй дэвшилтэт технологиудыг нэгээхэн жижиг хэсэг  хэмээн тус компанийн Ерөнхий менежер Кристоф Беллот хэллээ.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” хурал өнөөдөр эрчим хүч болон Хотын хөгжил салбар хуралдаанаар үргэлжилнэ. Харин маргааш Хөрөнгө оруулалт, Ерөнхий зориулалтын нисэх, Хөдөө аж ахуй, мах сүү боловсруулалт сэдэвт салбар хуралдаанууд болох юм.

Мөн хурлын хүрээнд болж буй үзэсгэлэнд дотоодоос "Эрдэнэс Монгол", "Багануур", гадаадаас  ХБНГУ-ын “Steinert” компанийн Австрали дахь салбар, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад танил болсон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ